“Хонх дарж хаалга тогшъё” аяны нээлт өнгөрөгч баасан гарагт /2017.02.03/ Мишээл экспо төвд боллоо. Нийслэлийн төвийн зургаан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ахлах байцаагч нар зохион байгуулсан юм.
Энэхүү арга хэмжээний үеэр иргэдэд хууль, эрхзүйн зөвлөгөө өгч, шинээр батлагдсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг сурталчлав. “Хонх дарж хаалга тогшъё” аянаар гэр бүлийн хүчирхийллийн хажуугаар чимээгүй өнгөрөхгүй байхыг, цоожтой хаалганы цаана хэн нэгний амь нас, эрүүл мэнд гэр бүлийн хүчирхийллийг золиос болохоос урьдчилан сэргийлж, иргэний үүргээ биелүүлэхийг иргэдэд уриалж байна. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, тэмцэх нь зөвхөн цагдаагийн байгууллагын үүрэг бус төрийн болон ТББ, иргэдийн оролцоо чухал билээ.
Уг аяны үйл ажиллагаа цаашид дүүрэг тус бүрт үргэлжилж, дүүргүүдийн Иргэний танхимд хууль сурталчлах зэргээр иргэдэд илүү ойртох юм.