Нүүр хуудас Нийгэм Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна

Хороодын өрхийн эмнэлэг, иргэний танхимд дархлаажуулалтын суурин цэгүүд ажиллаж байна

60
0

III тунд хамрагдах иргэдийн идэвх сүүлийн үед нэмэгдэж байгаа. Иргэдийн идэвх нэмэгдэж байгаа энэ үед идэвхийг сулруулахгүй байх үүднээс вакцинжуулалтын цэгийн тоог нэмжээ. Тодруулбал, есөн дүүргийн бүх хороонд дархлаажуулалтын суурин цэгийг нээсэн бөгөөд нийт 173 суурин цэгээр дархлаажуулж эхлээд байна. Хороодын өрхийн эрүүл мэндийн төв, иргэний танхимуудад дархлаажуулалтын цэг ажиллаж байгаа бөгөөд өөрт ойр байршилтай газарт хандах боломжтой. Мөн иргэдийн ажлын цагийг тооцоолон дээрх суурин цэгүүдийг өглөө 09:00 цагаас орой 20:00 цаг хүртэл ажиллахаар зохион байгуулсан байна. Түүнчлэн томоохон зах, худалдааны төвүүдэд түр цэгүүдийг ажиллуулан, вакцинжуулалтыг хийж байгаа билээ. Нийслэлийн Эрүүл мэндийн газар /НЭМГ/-аас хийсэн дараагийн ажил нь 75 их, дээд сургуульд 37 явуулын баг ажиллуулан, оюутан, залуусыг вакцинжуулжээ. Уг ажлын хүрээнд нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтад хамрагдах 138 мянган оюутан, залуусын 28272 нь III тундаа хамрагдсан байна.

“Оюутан залуусын вакцинд хамрагдах идэвх харьцангуй сул байгаа. Залуус вакцины талаарх үнэн бодит мэдээлэл хомс, худал ташаа мэдээлэлд автсан, бусдыгаа даган дуурайх байдлаар вакцинд хамрагдахаас татгалзаж байгаа нь ажиглагдсан” хэмээн НЭМГ-ын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа хэлж байв.

Байгууллага, аж ахуй нэгжүүд нэгдсэн журмаар дархлаажуулалтад хамрагдах захиалга өгвөл дуудлагын баг хуваарийн дагуу очиж байгаагаас гадна гэрээрээ вакцинжуулалтад хамрагдах зайлшгүй шаардлагатай өндөр настай, хүнд өвчтэй иргэд рүү баг илгээн, дархлаажуулалтыг хийж байна. Иймд гэрээр болон нэгдсэн журмаар вакцинжуулалтад хамрагдах иргэд, аж ахуй нэгжүүд тухайн дүүргийнхээ эрүүл мэндийн төвийн вакцинжуулалт хариуцсан баг, дуудлагын төвүүдэд хандах боломжтой. НЭМГ-аас бүх боломжит нөөцөө дайчлан ажиллаж байгаа бөгөөд сувилагч нарыг богино хугацааны сургалтад хамруулан, вакцины сувилагч болгон бэлтгэж байгаа тул иргэдийг вакциндаа идэвхтэй хамрагдахыг уриалж байлаа.

“Шангри-ла” худалдааны төв дээр ажиллаж буй Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч У.Мягмарсүрэн “Сүхбаатар дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын хоёр сарын аян зарлан, явуулын болон суурин 21 цэг ажиллаж байна. “Шангри-ла” худалдааны төв дээр дархлаажуулалтын цэг нээгээд 14 хонож байгаа. Өдөрт дунджаар 150-200 орчим хүн III тундаа хамрагдаж байна. Аюулт цар тахлыг давахын тулд хүн бүр III тундаа идэвхтэй хамрагдаарай” хэмээн уриалав.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here