Хорт бодисыг устгах ажлын хэсэг байгуулна гэв
Шадар сайд Ө.Энхтүвшин өчигдөр /2017.12.18/ Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь Замын-Үүд чөлөөт бүсэд ажиллалаа. Тэрбээр Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч болон холбогдох албаны хүмүүст үүрэг өглөө.
39 албан хаагч, 3 гэрээт ажилтан бүхий тус хэлтэс сүүлийн 5 жилд 135 түймэр унтрааж, 89 хүний амь насыг аварчээ. Жилд 376.8-567.3 сая төгрөгтэй тэнцэх эд хөрөнгийг галын аюулаас хамгаалсан байна. Замын-Үүд сумын Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Алтанхишиг “Бид улирч буй 2017 онд 500 орчим хүнийг гамшигаас урьдчилан сэргийлэх, эрсдэл багатай туулах сургалтад хамруулсан. Манай хэлтэс иргэдэд сургалт явуулах тусгай танхим тохижуулахаар төлөвлөсөн. Яг одоо бид өвөлжилтөд түлхүү анхааран ажиллаж байна” гэв. ОБЕГ-ын дарга, генерал Л.Бадрал энэ үеэр 2019 онд олон улсын “Говийн чоно” сургуулилалтыг Замын-Үүдэд хийх болсныг Шадар сайдад дуулгалаа.
Замын-Үүд сумын Засаг дарга Б.Алдарбаяр дараах хоёр асуудлыг Шадар сайд Ө.Энхтүвшинд тавьлаа. “2015 онд гарсан малын цэцэг, шүлхий өвчний улмаас малаа алдсан малчид нөхөн төлбөрөө нэхэж байна. Өнгөрсөн жил хохирлын 30 хувийг барагдуулсан. Үлдэгдлийг хэрхэх бол”, “Химийн хортой бодисууд хилийн мэргэжлийн хяналтын агуулахад олноороо хадгалагдаж байна. Хэрхэн устгах талаар бидэнд ямар ч шийдэл байдаггүй” гэсэн юм.
Шадар сайд Ө.Энхтүвшин нөхөн төлбөрийн тухайд “Та бүхэн 3.3 тэрбум төгрөгийн санал өгснөөс 1.5 тэрбумыг нь шийдсэн гэж надад мэдээлсэн. Учир нь нөхөн төлбөр авах материалын бүрдүүлэлт дутуу байсан юм билээ” гэв. Харин агуулахад хураагдсан хорт бодисуудыг устгах талаар БОАЖС-ын сайдтай ярилцаж Ажлын хэсэг гарган шийдэхээ илэрхийлэв. Ийм хорт бодисууд зөвхөн Замын-Үүдийн бус, Монгол орны томоохон асууудал болж байгааг Шадар сайд хэлсэн.
“2018 оны долдугаар сард Улаанбаатар хотноо Гамшгийн эсрэг Азийн сайд нарын хурал болох юм. Энэ нь бидэнд бусдын сайн туршлагаас суралцах, тэдэнтэй харилцаа тогтооход чухал ач холбогдолтой. Аюул ослыг ирсний дараа биш, урьдчилан сэргийлэхийн тулд та бүхэн иргэдээ сургахад онцгой анхаараарай” гэж Шадар сайд Ө.Энхтүвшин онцгойгийн албан хаагчдад даалгалаа.