Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй “Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөө ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. Энэхүү гэрэлт хөшөө нь “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар үнэ цэнэтэй юм.
Гэрэлт хөшөөний түүхийг өгүүлбээс Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга С.Жамъян Өвөрмонголын Цахарын Хөшөөний сүмд хадгалагдаж байсан монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсад залж үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 оны аравдугаар сарын 28-нд Наянт вантай байгуулж, монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ. Ингээд уг гэрээ ёсоор монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсын нийслэлд залж ирсний дурсгал болгон 1929 онд гэрэлт хөшөөг босгосон түүхтэй. Монголын музейн анхны дарга “чөтгөр” хэмээх Н.Дэндэв С.Жамъян гүнтэй тохиролцсоны дагуу “Монгол Данжуур”-т зориулсан хөшөөг урлан бүтээсэн байна. Тэрээр гайхамшигтай хурдан хуулбарлан зурдаг байснаас гадна чулуун сийлбэр хийхдээ гарамгай хүн байжээ.