Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн гишүүд өчигдөр СХД-ийн цагдаагийн I, III хэлтсийн үйл ажиллагаа, телекамерын хяналтын системболон гудамж, зам талбайн гэрэлтүүлгийн ажилтай танилцлаа.
Улаанбаатар хотын хэмжээнд зам талбайн нийт 56 мянган гэрэлтүүлэг байдаг аж. Үүний 10648 нь СХД-ийн нутаг дэвсгэрт хамаарагддаг аж. Энэ нь дүүргийн нутаг дэвсгэрийн 40 хувь орчмыг хамраад байгаа юм.
Австрийн хөрөнгө оруулалтаар тус дүүрэгт дахин 7-8 мянган гэрэлтүүлэг нэмэхээр болжээ. Ингэснээр гэрэлтүүлэг 70 хувьд хүрэх боломжтой юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр “Нийслэл хотын төв зам, гудамж, гэр хорооллын гудамж талбайг бүрэн гэрэлтүүлэхэд 90 мянган гэрэлтүүлэг шаардлагатай. Өнөөдрийн байдлаар 56 мянга буюу 72 хувийг нь гэрэлтүүлгээр хангаад байгаа. Цаашдаа 100 хувьд хүргэнэ” хэмээн ярилаа.
Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд зам, гудамж, талбайн гэрэлтүүлгийн урсгал зардалд жилд 2.5 тэрбум төгрөг зарцуулдаг байна.