Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээлснээр, гуравдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 63 аж ахуйн нэгж нийт 43.7 мянган тонн бүх төрлийн тэжээл импортлоод байна. Энэ нь төлөвлөсөн тэжээлийн 32.9 хувийг эзлэх үзүүлэлт юм.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр хийсэн үнийн судалгаагаар 25 кг савлагаатай хивгийн дундаж үнэ 19 мянган 465 төгрөг байсан бол тэжээл импортолсноос хойш буюу нэгдүгээр сарын 19-ний байдлаар 17 965 төгрөг болсон нь өмнөхөөс 8 орчим хувиар буурчээ. Харин энэ сарын 11-ний байдлаар 16 000 төгрөг буюу нэгдүгээр сарын үнээс 10.9 хувиар буурсан байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам 83 аж ахуй нэгжтэй 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэлх хугацаанд 133.0 мянган тонн малын тэжээл импортлох “Бодлогын гэрээ” байгуулаад байна.
Тухайлбал, хивэг 23.7 мянган тонн, хорголжин 23.5 мянган тонн, овьёос 15.6 мянган тонн, эрдэнэ шиш 5.5 мянган тонн, арвай 2.0 мянган тонн, шар буурцгийн шахдас 5.5 мянган тонн, тэжээлийн улаанбуудай 36.6 мянган тонн, премемикс 0.8 мянган тонн, бусад төрлийн тэжээл 19.9 мянган тонн импортлохоор төлөвлөсөн аж.