Урин дулаан цаг ирж, амралтын улирал эхэлсэн энэ өдрүүдэд иргэд амралт зугаалгаар орон нутгийг их зорьдог болсон билээ. Ялангуяа Хөвсгөл аймгийг зоригсодын тоо өдөр бүр нэмэгдэж буй. Гэтэл тус аймагт очсон жуулчин бүрийн амсаж, ар гэрийнхэндээ амсуулахаар авчирдаг Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн болох даршилсан шилтэй загасны мах идсэнээс 20-иод хүн хордсон хэрэг гарлаа.
Тэдгээр иргэд шилэн саванд даршилсан загас худалдан авч идсэн байна. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэг иргэнээс энэ сарын 16-17-нд “Цэнхэр далайн өгөөж”, “Хар ус нуур” нэрийн шилтэй загас, “Далай ээж” хүнсний захаас “Дүүрэн нуур”, “Хөвсгөл хатгал”, “Хатан загас”, “Хөвсгөл цагаан загас” нэрийн шилтэй загам болон утсан загас худалдан авсан иргэд хордож, эмнэлэгт хүргэгджээ
Эх сурвалжийн мэдээлж буйгаар: Дээрх шилтэй загаснууд нь хаяг шошгоны зөрчилтэйгээс гадна хэзээ үйлдвэрлэгдсэн нь тодорхойгүй бүтээгдэхүүнүүд байсан аж. Хордсон иргэдийн найм нь Халдварт өвчин судлалын үндэсний төвд долоо нь Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгт гурван хүн гэрээр эмчлүүлж байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-өөс мэргэжлийн заавар зөвлөгөө өгч, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй цахим хурал хийж, ажилласан байна.
Мөн Эрүүл мэндийн яамнаас иргэдийг хоолны хордлогоос сэрэмжлэхийг зөвлөлөө. Хэрэв загас идсэний дараа халуурах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрвэл харьяа эрүүл мэндийн байгууллагад яаралтай хандахыг санууллаа. Түүнчлэн иргэд, ААН-ийг хоол хүнс бэлтгэхдээ эрүүл ахуй, аюулгүй байдлын стандарт, зарчим баримтлахыг анхааруулж байна. Тиймээс иргэд та бүхэн хэрвээ Хөвсгөл явж амрахаар шийдсэн бол дээрх мэт шилэнд даршилсан загас авч хэрэглэхдээ үйлдвэрлэгдсэн он сар өдрийг сайтар нягталж харж байхыг энэхүү мэдээллээр дамжуулан сэрэмжлүүллээ.