Нүүр хуудас Нийгэм Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн иргэд хамгийн идэвхтэй санал өгч байна

Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн иргэд хамгийн идэвхтэй санал өгч байна

26
0

“Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”-нд  есдүгээр сарын 29-нөөс энэ сарын 29 хүртэл иргэдээс санал авч буй. Энэ талаар Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа, Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институтийн маркетинг менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа нартай ярилцлаа.

-Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө хэзээнээс эхэлсэн бэ?

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа:

– Нийслэлийн хэмжээнд мөрдөн ажиллаж байгаа “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ыг  2013 онд баталж байсан. Тус баримт бичгийн хэрэгжилтийн хугацаа дуусаж байгаатай холбогдуулан “Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө” гурван үе шаттайгаар 2018 онд эхэлсэн. Мөн ерөнхий төлөвлөгөөний концепц буюу үзэл баримтлалыг гаргасан. Ингэхдээ иргэдийн оролцоог хангаж,  нээлттэй концепцын уралдаан зарласан. Үүний дагуу гаргасан концепцыг 2020 оны засгийн газрын хуралдаанаар дэмжиж өнгөрөгч оны аравдугаар сард гэрээ байгуулж ажлаа эхэлсэн. Хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг боловсруулах ажилд иргэдийн оролцоо чухал. Хот байгуулалтын тухай хууль болон, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг олон нийтээр хэлэлцэх журам бий. Энэ журмын дагуу бид олон нийтээс санал авах хэрэгтэй. Олон нийтээс санал авах ажил есдүгээр сарын 29-нөөс энэ  сарын 29 хүртэл нэг сарын хугацаанд явж байгаа.

-Иргэдийн санал асуулга хэр идэвхтэй байна?

Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институтийн маркетинг менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа: 

-Санал авах ажиллагааг үзэсгэлэн зохион байгуулж, танхимд иргэдийг цуглуулж зохион байгуулахаар төлөвлөж байсан. Гэвч цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан есдүгээр сарын 29-өөс эхлэн цахимаар болон харьяа хороодоор дамжуулан санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа. Цахимаар өгөх саналыг ulaanbaatar2040.mn,  manaikhoroo.mn сайтуудаар авч буй. Мөн QR код бүхий постерийг харьяа хороо, дүүргүүдэд байрлуулсан. Энэ QR кодыг гар утасны камераар уншуулахаар веб сайт руу шууд нэвтэрнэ. Эдгээр сайт руу ороод санал өгөх хэсэгт нэвтэрч, өөрийн овог нэрийг бичээд асуултуудад хариулан, саналаа бичнэ. Бид иргэдэд зориулж ерөнхий төлөвлөгөөний талаар товч танилцуулга видео хэлбэрээр тавьсан. Түүнчлэн цахимаар саналаа илгээсний дараа иргэний овог нэртэй талархлын сертификат гарч ирнэ. Цахим санал асуулгын эхний долоо хоногийн үр дүнг гаргасан. Үүнээс харахад Баянзүрх дүүргийн иргэд хамгийн их оролцоотой байна. Үүний дараа Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн иргэд  идэвхтэй оролцож байгаа. Аль дүүргийн иргэн ямар санал дэвшүүлж байна, тухайн дүүрэгт ямар асуудал байна, аль дүүрэгт нь ямар хэрэгцээ шаардлага үүсээд байгаа вэ гэдгийг уг судалгаа харуулж байгаа юм. Жишээлбэл, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны иргэд “Манай хороонд сургууль хэрэгтэй байна. Дараагийн жилүүдэд сургуультай болгож өгөөрэй” гэсэн саналыг дэвшүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн цахим санал асуулгад дүгнэлт хийхэд нийгмийн дэд бүтцийн хувьд цэцэрлэгийн хүртээмж тааруу байгаа тул цэцэрлэг нэн шаардлагатай байна гэх  санал ирүүлсэн. Мөн хүрээлэн буй орчны чиглэлээр агаарын бохирдлыг бууруулах санал илүүтэй ирсэн бол хот байгуулалтын хувьд замын түгжрэлийг шийдэх хэрэгтэй гэх санал ихэнх хувийг эзэлсэн байна. Иргэн та хөгжлийн ерөнхий төлөвлөгөө 2040-ийн талаар мэдээлэлтэй танилцан боломжит хувилбаруудаас сонгон саналаа өгөх боломжтой.

-Ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээллийг иргэдэд хэрхэн хүргэж байна вэ?

Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институтийн маркетинг менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа: 

-Ulaanbaatar2040.mn цахим хуудас болон хороодоор дамжуулан хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаарх мэдээллийг тогтмол мэдээлж байгаа. Мөн хорооны байцаагч нараас эхлээд төрийн байгууллагуудад танилцуулга хийн, мэдээлэл түгээж байгаа. Ер нь төрийн байгууллагад ажилладаг иргэдэд ерөнхий төлөвлөгөөний талаар мэдээлэл сайн хүрсэн.

-Сарын хугацаанд явагдах санал хураалтад нийт насанд хүрэгчдийн хэдэн хувь нь хамрагдах боломжтой гэсэн тооцоо гарсан бэ?

Нийслэлийн хот төлөвлөлт, судалгааны институтийн маркетинг менежментийн хэлтсийн дарга Б.Гүнжидмаа: 

-Бидний хувьд дор хаяж 100,000 хүн саналаа өгчихвөл насанд хүрсэн арван хүн тутмын нэг нь хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд саналаа өгсөн байна гэж дүгнэнэ. Харьяа хороодоор дамжуулан 50 мянган хүнээс цаасан хэлбэрээр санал авах тооцоо гарсан. Харин цахимаар санал өгөх иргэд идэвхтэй оролцвол бидний зорилтот тоо бүрдэх юм. Иргэн бүр оролцоотой байвал нийгэмд тулгамдаж байгаа олон асуудлыг шийдэх боломжтой болно.

-Иргэдийн санал асуулгыг идэвхжүүлэх, иргэн бүрийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр ямар ажлуудыг хийж байна вэ?

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа: 

-2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг боловсруулж, санал авах үйл ажиллагааг дөрвөн сегментэд хуваасан. Мэргэжлийн зураг төслийн байгууллагууд, эрдэмтэн судлаачид, их, дээд сургуулийн багш нар, гадаадад төгсөгчид болоод төрийн бус байгууллагынхантай хоёр болон есдүгээр сард хоёр удаа цахим хэлэлцүүлэг хийн, саналыг нь авсан. Үүний дараа нийслэлийн харьяа хэрэгжүүлэгч агентлагуудын албан хаагчидтай хэлэлцэн санал авсан байгаа. Мөн засаг захиргааны анхан шатны нэгж болох хороодоос санал авахаар өнгөрсөн хоёр долоо хоногийн турш цахим хэлэлцүүлэг хийсэн. Одоогоор бодлого тодорхойлогчид буюу Засгийн газрын яамдаас санал авахаар ажиллаж байна.

-2040 оны төсөөллөөр Улаанбаатар хот ямар байх бол?

Нийслэлийн хот байгуулалт, хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Амарсанаа: 

-Энэ удаагийн ерөнхий төлөвлөгөөний алсын харааг “Амьдрах таатай орчин бүрдсэн хот” хэмээн тодорхойлж, үүнд уялдсан үзэл баримтлалуудыг гаргасан. “Азийн бар хот” байна гэх мэтээр алсын хараагаа тодорхойлоогүй. Зүгээр л гараад алхахад таатай, стандарт, норм дүрмийг хангасан, эрүүл, аюулгүй байх, нийгмийн тэгш хүртээмжтэй хотыг л хөгжүүлэх юм. Тухайлбал, гэр хорооллуудад дэд төвүүдийг барьж байгаа. Тухайн дэд төвүүд нь хотын төвөөс авах үйлчилгээг харьяа дүүргээсээ авах боломжийг бүрдүүлэх юм. Жишээлбэл, дэд төвүүдэд сургууль, цэцэрлэг, сургалтын танхим, кино театр, номын сан гэх мэтийг байгуулан, гэр хорооллын иргэдэд хүрч үйлчилнэ. Дэд төвүүдээс гадна хорооны шатанд үйлчилгээ үзүүлдэг олон нийтийн төвүүдийг бий болгосноор нийгмийн тэгш хүртээмжийг бий болгоно.  Хүн бүр тоглолт, жүжиг үзэх гээд хотын төвийг зорих биш бүх үйлчилгээг дүүргийнхээ дэд төвөөс авах боломж, нөхцөлийг бүрдүүлэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here