Нүүр хуудас Нийгэм Х.Баттулга Тавантолгой дахь Марш-тусгай бэлтгэлийн тэмцээнийг нээлээ

Х.Баттулга Тавантолгой дахь Марш-тусгай бэлтгэлийн тэмцээнийг нээлээ

59
0
battulga
Х.Баттулга Тавантолгой дахь Марш-тусгай бэлтгэлийн тэмцээнийг нээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит Марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн өнөөдөр /2019-06-04/ Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311-р ангийн Сургалтын нэгдсэн төвд эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн болон хууль сахиулах Зэвсэгт хүчний жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэрэг, Онцгой байдлын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Дотоод хэргийн их сургууль зэрэг нийт 8 байгууллагын 19 багийн 500 гаруй тамирчин, алба хаагч оролцож байна.

Зэвсэгт хүчний жанжин штабын мэдээлснээр марш тактик, тусгай бэлтгэлийн тэмцээн нь жагсаалын бэлтгэл, буудлага, саадтай зурвас, хөнөөлийн голомтод ажиллах гэх мэт олон төрлөөр үргэлжилж алба хаагчдаас цэргийн бэлтгэл сургуулилт, бие бялдар, сэтгэл зүйн тэсвэр тэвчээр, ур чадвар шаардсан олон сорилтой юм байна.

Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Батлан хамгаалах бодлого, аюулгүй байдлын асуудал хариуцсан зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал А.Ганбат, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагууд оролцлоо.

Тэмцээний нээлтийн үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга:

Эрхэм генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид, хүндэт зочид төлөөлөгчдийн амрыг эрье.

Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээнд шалгаран оролцож байгаа нийт баг тамирчдад баяр хүргэж, амжилт хүсье.

Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд энэхүү марш-тусгай бэлтгэлийн тэмцээн чухал ач холбогдолтой бөгөөд тэмцээний цар хүрээ жил ирэх тусам нэмэгдэж, алба хаагчид идэвхтэй оролцох болсон нь сайшаалтай хэрэг юм.

Монголын цэргийн болон хууль сахиулах алба хаагчид дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэх явцдаа хариуцлага, тэсвэр хатуужил, ур чадвараараа гайхагдаж байдгийн нэгэн шалтгаан нь байнгын бэлтгэл сургуулилалт, харилцан ажиллагааг бий болгодог марш-тусгай бэлтгэлийн цогцолбор тэмцээн гэж хэлж болно.

Энэ тэмцээнд түрүүлэх нь чухал хэдий ч оролцох, багийн ажиллагаагаа чадваржуулах, бие бүрэлдэхүүнээ сорих, хатуужуулах нь нэн тэргүүний зорилт юм. Тайван цагт хөлс их асгавал дайны цагт цус бага урсана гэж мэргэн үг байдаг. Байнгын бэлтгэл сургуулилалт, ямар ч сорилтод бэлэн байх чадвар бол улс орныг батлан хамгаалах, хууль сахиулах үүргээ хариуцлагатайгаар биелүүлэхийн үндсийн үндэс гэдгийг ямагт санаж яваарай. Нийт баг тамирчдад дахин өндөр амжилт хүсье.

Монгол цэргийн сүр хүч, яруу алдар мандан бадрах болтугай” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here