Сүүлийн өдрүүдэд хүйтний эрч чангарч, нийт нутгаар их хэмжээний цас орж, орон нутаг руу зорчих замд халтиргаа гулгаа ихээр үүссэн нь аюултай байдлыг үүсгээд байна. Замын нөхцөл байдал муу байгаагаас шалтгаалж үе үе орон нутгийн зарим чиглэлийн замуудыг хаах ажиллагаа явуулж байгаа билээ. Одоогийн байдлаар аль нэг замыг хаагаагүй байгаа ч замын байдал ерөнхийдөө хальтаргаа гулгаа ихтэй, аюултай хэвээр байгаа юм.
Иймд нөхцөл байдалтай уялдуулан хот хоорондын зорчигч тээвэрт шинэ зохицуулалт хийсэн байна. Тухайлбал Улаанбаатар-Дархан-Улаанбаатарын чиглэлд рэйлбусаар төмөр замын тээвэрлэлт хийхээр болжээ. Зорчигчийн хөлс нэг талдаа 15 мянган төгрөг байсныг туршилтаар 10 мянган төгрөг болгон бууруулаад байгаа юм байна, Энэ тухай “Улаанбаатар Төмөр зам” компаниас мэдээлсэн юм. Хойд чиглэлийн зорчигч тээврийн галт тэрэгний тоог нэмж, тасалбарын худалдааг галт тэргэнд суусны дараа хийж байх шинэ зохицуулалт хийхээр төлөвлөөд байгаа ажээ.