Нүүр хуудас Эдийн засаг Ханшийн өсөлттэй холбогдуулан МҮХАҮТ-аас гаргасан уриалга

Ханшийн өсөлттэй холбогдуулан МҮХАҮТ-аас гаргасан уриалга

497
0
МҮХАҮТ
МҮХАҮТ
Сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт саарсан, экспортын голлох түүхий эдийн зах зээлийн үнэ буурснаас экспортын хэмжээ буурсан, гадаадын хөрөнгө оруулалт огцом унасан, төлбөрийн тэнцэл алдагдсан, цаашлаад Монгол Улсын зээлжих зэрэглэл буурсан зэргээс төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом унаж байгаа нь Монгол улсын эдийн засаг, түүний дотор бизнес эрхлэгчдэд ноцтой үр дагавар авчирч байна.

2016 оны эхний 9 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 9.6%-иар, экспорт 5.9%-иар тус тус буурлаа. Гадаадын шууд хөрөнгө оруулалт сүүлийн хэдэн жилд тасралтгүй буурч байна. Монгол Улсын зээлжих зэрэглэлийг энэ оны 8 сард S&P болон Moody’s агентлагууд B2-аас В3, В-ээс /В-/ руу дараалан бууруулсан. Энэ нь манай улсад орж ирэх зээл, бондын хүү нэмэгдэх, гадаадын шууд хөрөнгө оруулалт хумигдах эрсдэлийг нэмэгдүүлж байна.

Монгол банкнаас валютын ханшийг тогтворжуулах зорилгоор бодлогын хүүг 4.5 нэгж хувиар нэмэгдүүлэн 15 хувьд хүргэж, удаа дараалан интервенц хийж байгаа ч үр дүнд хүрсэнгүй. Энэ оны 10 сард Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн дундаж 2307.80 төгрөг болж, өмнөх сараас 2.8 хувь буюу 64 орчим төгрөгөөр буурлаа. Түүгээр ч зогсохгүй 11 сарын 11-нд валютын зах дээр ам.долларын ханш 2710 төгрөгт хүрч огцом савлагаа гарсан.

Төгрөгийн ханшны огцом уналтаас шалтгаалан бизнес эрхлэгчид, ялангуяа валютын зээлтэй аж ахуйн нэгжүүдийн хувьд санхүүгийн зардал огцом өсч, валютын ханшны эрсдэлийг удирдах боломжгүй болсноос сөхрөхөд хүрч байна.

Энэхүү байдал цааш улам даамжирвал Монгол улс дампуурлын ирмэгт тулахыг эдийн засагт оролцогч бүх талууд сайн мэдэж байгаа. Банк санхүүгийн байгууллагууд ба зээлдэгч аж ахуйн нэгжүүд, аж ахуйн нэгжүүд өөр хоорондоо хамтдаа зөв гарцыг олж, хүндрэлээс хамтдаа гарна.
ГАРЦ:
– Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 1 дэх заалтанд Төлбөр гүйцэтгэх мөнгөний ханш: “Төлбөр гүйцэтгэх хугацаа болохоос өмнө мөнгөний ханш өссөн, буурсан бол үүрэг үүсэх үеийн ханшаар тооцож төлбөрийг төлнө” гэж заасан.
– Олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрдөг “хүнд нөхцөл байдал” (hardship) буюу эдийн засгийн урьдчилан таамаглах боломжгүй өөрчлөлтийн улмаас гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлэх боломжгүй байдал гэсэн нэгдсэн ойлголт байдаг.

Иймд МҮХАҮТ-аас иргэний хуулийн энэхүү заалтыг нэг зарчмаар ойлгож хэрэглэх, мөн “хүнд нөхцөл байдал”-ын улмаас гэрээний үүргээ биелүүлэх хариуцлагаас чөлөөлөгдөх боломж байгааг зохих ёсоор хэрэгжүүлэхийг арилжааны банкууд, банк бус санхүүгийн байгууллагууд ба аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ

Улаанбаатар хот 2016.11.18

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here