Нүүр хуудас Эдийн засаг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: ЖДҮ-ийн зээл олгоход танхим оролцох ёстой

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин: ЖДҮ-ийн зээл олгоход танхим оролцох ёстой

96
0
amartuwshin
МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин

-Та МҮХАҮТ-ын ерөнхийлөгчөөр сонгогдон ажлаа аваад удаагүй байна. Ер нь цаашдаа ямар зарчмаар ажиллана гэж төлөвлөж байна вэ?

-Ер нь дэлхийн олон улс оронд танхимын үндсэн зорилго нь бизнесийн орчныг дэмжих, хамгаалах, бизнес эрхлэгчдийнхээ дуу хоолой болох, төр хувийн хэвшлийн гүүр болж ажилладаг үндсэн зорилготой. Танхимын гишүүдийн ихэнх нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид байдаг. Тэгэхээр тэднийг бойжуулах, зах зээлд хөлөө олох, бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлэхэд нь туслахад үйл ажиллагаагаа чиглүүлэх ёстой. Тухайн улсынхаа бүтээгдэхүүн үйлчилгээг гадаад орны зах зээлд гаргах боломжийг нээж өгөх гэсэн үндсэн зорилготой. Манай танхим энэ зорилгынхоо тодорхой хэсгийг хэрэгжүүлж ажиллаж байгаа хэдий ч бидэнд хийх шаардлагатай маш олон ажил байна. Эдгээрээс хамгийн чухал ажил нь гишүүдийнхээ төлөөллийг нэмэгдүүлэх, төр засагтайгаа хэлэлцэгдэж байгаа хууль дээр зөв ойлголцох, ер нь үйл ажиллагаагаа ил тод, нээлттэй, бүх бизнес эрхлэгчиддээ хүртээмжтэй болох гээд олон ажил байна.

-Та танхимынхаа багийг бүрдүүлж амсан уу. Гүйцэтгэх удирдлагын бүтцээ өөрчлөх үү?

-Өнгөрсөн тав дахь өдөр гүйцэтгэх удирдлагын багийг УЗ-өөр оруулж томилуулсан. Одоо ажлынхаа дотоод асуудал руу орно. Ер нь өнөөдрийн явж байгаа бүтэц зохион байгуулалт нь бидний хүсээд байгаа шинэчлэлттэй нийцэж байна уу, үгүй юү гэдэг дээр дүн шинжилгээ хийнэ. Бид зорилгодоо хүрэхийн тулд түүндээ тохирсон бүтцээр л ажиллах ёстой. Тиймээс тэр бүтцээ зайлшгүй хийх шаардлагатай болж таарна.

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд очих ёстой боломжийг төрийн өндөр дээд албан тушаалтнууд болон гишүүд албан тушаалын давуу байдлаа ашиглан ЖДҮХС-аас маш их хэмжээний зээл авсан. Та энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ. Цаашдаа ийм асуудал гаргуулахгүй байх боломжийг хэрхэн бүрдүүлж ажиллах юм бэ?

-Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг хамгийн чухал байх ёстой зүйл. Энэ бол дэлхийн аль ч улс оронд байдаг төрийн дэмжлэг. Энэ зээл өөрөө ажлын байрыг нэмэгдүүлдэг. Харамсалтай нь, зорилтод хүмүүстээ хүрэлгүй алдаа гарсан. Тун удахгүй хаврын чуулганаар ЖДҮ, үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэн батална. Үүн дээр танхим өөрийн байр суурийг эхнээсээ маш оновчтой, тодорхой оруулах зорилготой байгаа. Асуудал нь хаанаа байна вэ гэдгийг бид бүгд ойлгосон шүү дээ. Ерөөсөө аль нэг яам, яамны дэргэдэх газар шалгаруулаад олгож байгаа нь буруу юм. Шалгаж байгаа үнэлгээний процесст МҮХАҮТ оролцох ёстой. Яагаад гэвэл Монголын бүх л бизнесийг төлөөлж байгаагийн хувьд ил тод нээлттэй болгоход танхим оролцох ёстой. Дараагийн нэг асуудал янз бүрийн стандартаар бичсэн төсөл орж ирдэг. Түүний цаасыг хараад л шалгаруулчихаад байгаа шүү дээ. Гэтэл бодит байдал дээр энэ бизнес үнэн үү, хэрэгжих боломжтой юу гэдэг дээр үнэлэлт дүгнэлт хийдэггүй. Бид Монголын бизнесийг төлөөлж байгаагийн хувьд тэр үнэлэлт дүгнэлт, магадгүй урьдчилсан сурталчилгаа, зах зээлийн суурь судалгааг хийх чиг үүргийг төрөөс авах нь зүйтэй. Тэр зээл бодит ажил болохын тулд бүтээгдэхүүн үйлдвэрлэл хийх ёстой, зах зээл дээр тоног, төхөөрөмжийг зөв сонгох, ингээд тухайн бүтээгдэхүүн, бараа үйлчилгээ зах зээлд оновчтой нэвтрэх ёстой. Мөн бүтээгдэхүүн сурталчлах, танилцуулах ажлыг танхим хийвэл эцсийн дүндээ сангийн зорилго амжилттай биелэхэд хэрэг болох юм байна гэж үзэж байгаа.

-ЖДҮХС-аас олгодог зээл арилжааны банкин дээр байсныг яамаар дамжуулан олгодог болгочихсон. Энэ зөв үү. Арилжааны банкаар дамжуулан олговол хүү нэмэгдэнэ гээд байгаа шүү дээ?

-Нэг зовлон байгаа. Энэ аль болох бага хүүтэй эх үүсвэрийг бизнес эрхлэгчдэд олгох гээд байгаа. Гэтэл банкны зээлийн хүү жилд 20-иос дээш хувь болчихоор үүгээр бизнес эрхлэгчид амьдарна гэдэг хүндрэлтэй. Монголын бизнесийн цикл улирлын чанартай, богино байдаг. Тиймээс хүүг яаж бага байлгах вэ гэдэг маш чухал. Банк хэдэн хувийг нэмж байж хэвийн ашиг нь хангагддаг вэ гэдэг дээр маш сайн тохиролцох ёстой. Жилийн гурван хувийн хүү банкин дээр очихоор 8-10 болж байна. Ингээд зардал нь өсчихөөр жижиг, дундынханд маань хэцүү. Банкны гол үүрэг оролцоо нь зээлийн эргэн төлөлт, эрсдэлийг бууруулж байгаа явдал. Бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоод, танхимууд ойлголцож чадвал бид энэ үүргийг өөр дээрээ хүлээхэд болохгүй зүйл байхгүй. Уг нь зээлийн зорилго нь зөв гараад байгаа юм. Бизнес эрхлэгчдийг дэмжих сангууд байх ёстой. Үйлдвэрүүд хөгжсөнөөр импортын бараа бүтээгдэхүүнийг орлоно, валютын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ. Гол нь зорилтод эзэндээ хүрч байна уу гэдэг дээр л асуудал үүсээд байгаа шүү дээ. Энэ бол татвар төлөгчдийн мөнгөөр бий болж байгаа сангууд. Гэтэл хуваарилалтыг нь нэг яам, эрх мэдэлд ойр хэдэн хүн хийгээд байгаа вэ гэдэг дээр асуудал байгаа. Тэгэхээр шалгаруулж байгаа журам нь ил тод нээлттэй, хувийн хэвшил, мэргэжлийн холбоодын үүрэг оролцоо, банк санхүүгийнхний зөв оролцоо бий болоод нээлттэй болоод хүрэх ёстой хүндээ хүрчихвэл энэ зээл байх ёстой зүйл.

-Татварын багц хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр байгаа. Хуулийн төсөлтэй танилцсан уу. 20 гаруй жил хийгээгүй том шинэчлэл хийж байна гээд байгаа шүү дээ?

-Татварын хууль бүхэлдээ сайн яригдсан байгаа. Танхимын ажлын хэсэг бүх гишүүн компаниудаа оролцуулаад санал, санаачилгаа хүргүүлсэн. Ихэнх нь дэмжигдсэн байсан. Мэдээж аж ахуйн нэгжүүдийн татвараа тайлагнаж, мэдүүлж байгаа хугацаа нь багасах гэх мэт процедурын хувьд бизнес эрхлэгчдэд нэлээд таатай зүйлүүд бий болсон. Миний зарчмын нэг санал байгаа. Татварын шатлал байгаа. Үүнд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийг жижиг аж ахуй, бичил аж ахуй гээд шатлал бий болгочихоод байгаа. Энэ шатлалаа татварын багц хуульд адилхан оруулж өгөх ёстой байх. Жишээлбэл, Татварын багц хууль дээр 50 хүртэлх сая төгрөг гэж байхад Жижиг дунд дээр 250 хүртэлх сая гээд байж байх шинжтэй. Энэ шатлалуудыг хооронд нь уялдуулах шаардлагатай. Гурван тэрбумаар хязгаарлачихлаар компаниудын үйл ажиллагаа тэлэх, томрох үйл ажиллагааг хязгаарлаж байна гэж хараад байгаа юм. Бид саналаа 10 тэрбум гэж өгсөн. Ядаж хамгийн багадаа зургаан тэрбум байвал аж ахуйн нэгжүүд жижгээс дунд руу орох, үйл ажиллагаагаа тэлэхэд хангалттай хуримтлал бүрдүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

-Татварын багц хуулийг баталснаар бизнес эрхлэгчдийн ажиллах нөхцөлд ямар ямар эерэг өөрчлөлт бий болох вэ?

-Татварын багц хууль маш өргөн цар хүрээнд хийгдэж байгаа. Ер нь манайд дандаа жижиг, дунд бизнес эрхлэгчид байгаа. Тэд маань маш олон давтамжтай тайлан гаргадаг. Ингэхдээ мэдлэг дутуугаас тайлангаа буруу гаргадаг байсан. Санаатай биш санамсаргүй алдаа гаргаад торгуульдаг байсан бол үүнийг засч залруулах боломжийг олгож байгаа гэх мэт сайн зүйлүүд их бий. Гол нь дээр ярьдаг шатлалаа зөв болгочихвол болно. Ер нь бизнес эрхлэгчдийнхээ өсч дэвжих боломжийг хангаж байж л татварын бааз суурь нэмэгдэнэ.

-Ер нь төр бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжих ёстой юм бэ. Татварыг багасгаж байгаа дэмжлэг үү, эсвэл татварын орлогоо нэмэгдүүлэх гэсэн арга уу?

-Хууль бүгдэд шударга, тэгш үйлчлэх ёстой. Хэрвээ татвар авах бол бүгдээс ижил авах хэрэгтэй. Мөн төрийн хяналт шалгалт ямар нэг байдлаар субъектив шинж чанартай байх ёсгүй. Төлөвлөгөөтэй, урьдчилж ярьж тохирсон байх ёстой. Төр хааж боох гэхээсээ илүү зөвлөж чиглүүлэх үүрэг нь байх ёстой. Дээрээс нь төр хувийг хэвшлийн түншлэл маш өндөр төвшинд байх ёстой. Эцэстээ төрийн зорилго ч тэр, хувийн хэвшлийн зорилго ч тэр хамтдаа л эдийн засгийн хөгжил дэвшил рүү явах шүү дээ. Үйл ойлголцсон, бие биенийхээ үйл ажиллагааг хааж боогдуулсан зүйлсийг л бид аль болох арилгаад явбал цаашдаа илүү амар болно. Төр хувийн хэвшлийг дэмжих ёстой болохоос өрсөлдөх ёсгүй. Төр хувийн хэвшилтэй зэрэгцэж бизнес хийх ёсгүй. Энэ бол бидний сонгосон нийгмийн суурь мөн чанар. Төр хувийн хэвшлийнхэндээ итгэх ёстой. Хууль журмын дагуу зохицуулалт хийгээд, татвар, төсвийн орлогоороо бидэнд шаардлагатай эрүүл мэнд, боловсрол ч юм уу нийгмийн аюулгүй байдлыг хангасан үйлчилгээндээ анхаардаг. Би болж байгаа хөрөнгө оруулалтыг хувийн хэвшилтэйгээ хамтарч шийдэх ёстой. Дангаараа төр маш их барилга байгууламж, байшин сав барих шаардлагагүй. Энэ бүхнийг хувийн хэвшилтэйгээ хамтарч хийх ёстой. Ингэснээр бидний яриад байдаг авилга, албан тушаалын асуудлууд алга болно. Ямар нэгэн байдлаар төрийн бүх тендер, худалдан авалтад хувийн хэвшлийнхэн буюу танхим хяналт, ил тод болгох үүрэгтэйгээр оролцдог байх ёстой гээд олон зарчмын зүйл бий.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here