Нүүр хуудас Нийгэм Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагнагдлаа.

319
0

Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн  ойн баярын хурал 7 сарын 5-нд  Корпорэйт конвеншн центрт зохион байгуулагдаж  Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар  түүхт  50 жилийн ойгоо угтаж буй  Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийг төрийн дээд “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа. Тус байгууллага нь 1967 онд бууриа засч, өрхөө татаж байсан бол эдүгээ аль хэдийнэ 1000 гаруй ам бүлтэй, эрчим хүчний салбарын түлхүүрийг атгах томоохон өрх айл болтлоо өргөжин хөгжиж иржээ. Энэ үеэр Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК-ийн тэргүүн дэд захирал бөгөөд ерөнхий инженер Д.Чинбат:  “Цахилгаан дамжуулах үндэс­ний сүлжээ ТӨХК үүсгэн бай­гуу­лагдсаны 50 жилийн ой тохиож байна. Одоогоос 50 жилийн тэртээ 1967 онд Улаанбаатар, Дархан хотыг цахилгаан эрчим хүчээр хангах 110 кВ-ын анхны шугам тавигдсанаас хойш манай компанийн суурь тавигдсан гэж үздэг. Харин өнөөдөр тэр үетэй харьцуулахад 1000 гаруй ажиллагсадтай Монгол Улсын 70 гаруй хувийг цахилгаан, эрчим хүчээр хангадаг үндэсний хэмжээний томоохон компани болж хөгжсөн байна. Манайх  эрчим хүчийг үйлдвэрлэгчээс түгээгчид дамжуулдаг нэг ёсны тээврийн компани юм” хэмээгээд нийт ажилчиддаа баярын мэнд хүргэлээ.

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж танилцуулан,  16 аймаг 300 гаруй сумын иргэдийг цахилгаан эрчим хүчээр хангаж, Монгол Улсыг хөгжүүлэх үйлсэд мэргэжил ур чадвараа зориулан хичээн хөдөлмөрлөж ирсэн  тус байгууллагын үе үеийн ажилтан албан хаагчдын хичээл зүтгэлийг төр өндрөөр үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж буйг уламжлан, гардуулан өгсөн юм.

Эрчим хүчний сайд П.Ганбат  эх орныхоо гал голомтыг мөнхөд бадраах эрчим хүчийг найдвартай дамжуулах үүргээ нэр төртэй биелүүлж, эрдэм мэдлэгээ зориулж яваа салбарын нийт хөдөлмөрчиддөө Засгийн газрын нэрийн өмнөөс болон хувиасаа баяр хүргэлээ.  Дашрамд сонирхуулахад, Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ ТӨХК Улаанбаатараас Дорноговь чиглэлд Монголдоо  хамгийн томд тооцогдох 330 кВ-ын  өндөр хүч­дэлийн шугам тавихаар төлөвлөж,  шавыг нь тавьсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here