Шадар сайд Ө.Энхтүвшин нэн тэргүүнд шүлхийн голомт бүхий аймаг, сумдад хорио цээрийн дэглэмийг чангатгах, хүн мал, машин техникийн хөдөлгөөнийг хязгаарлан халдвар тархахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, иргэд болон холбогдох байгууллагуудыг мэргэжлийн заавар зөвлөмж, удирдлагаар хангаж ажиллахыг ОБЕГ-т даалгалаа. Мөн ОХУ-аас эхний ээлжинд 1 сая тун вакцин яаралтай худалдан авахыг ХХААХҮЯ-нд үүрэг болголоо.
ОБЕГ болон ХХААХҮЯ-наас хамгийн сүүлд авсан мэдээллээр, манай орны 10 аймгийн 55 сум цагаан зудтай, 8 аймгийн 45 сум цагаанаар зудархуу байна. Шадар сайд Ө.Энхтүвшин 2017-2018 оны өвөл, хаврын болзошгүй хүндрэлд зориулан төсвийн хөрөнгөөр бүрдүүлсэн улсын нөөцөөс шаардлагатай өвс, тэжээлийг цас, зуд хүндэрч мал тэвээргээ алдахаас урьтан малчдын гарт хүргэх саналаа Засгийн газрын хуралдаанд яаралтай оруулж, шийдвэрлүүлэхээр болов.