Шүүгчдэд зориулсан сургалтад 35 шүүгч хамрагдлаа
Шүүхийн ерөнхий зөвлөлөөс “Монголын эрх зүй, эдийн засгийн холбоо”-той хамтран “Хуульд заасны дагуу үүсэх үүргийн харилцаа: Үндэслэлгүйгээр хөрөнгөжих” сэдэвт сургалтыг 2018 оны 01 дүгээр сарын 30-аас 31-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Тус сургалтад иргэний хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт 35 шүүгч, 5 эдийн засагч оролцсон бөгөөд Япон улсын Нагояа Гакуин их сургуулийн профессор Масанобу Като уригдан ирж, сургалтыг удирдан явуулсан юм.
Сургалт үндэслэлгүйгээр, хөрөнгөжсөнөөс үүрэг үүсэх үндэслэл, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөний үр дагавар, бусдын өрийг төлөх болон хууль бус үйлдлээс үүссэн ашгийн үр дагавар, эрхийн хамаарал зэрэг хуульд заасны дагуу үүсэх үүргийн харилцааны хууль хэрэглээний талаарх нарийвчилсан сэдвүүдийн хүрээнд явагдсан бөгөөд шүүгчдэд эдгээр мэдлэгийг богино хугацаанд, эрчимжүүлсэн хөтөлбөрийн дагуу олгосноороо онцлогтой боллоо.