Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “Шүүхийн шинэтгэлийн цаг үеийн асуудал, цаашдын зорилт” сэдвээр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг “Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд Н.Лүндэндорж профессороос гадна Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн хүний нөөцийн газрын дарга С.Энхбаяр нар оролцсон юм.
Шүүхийн шинэтгэлийн үр дүн, цаг үеийн асуудлаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж “Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлсэнээс хойш шүүхийн шинэтгэлийн арван үр дүнг олон нийтэд танилцуулсан. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн шинжээчид Монгол Улсын шүүхийн шинэтгэлд дүнг тавьсаныг мөн өмнө нь мэдээлсэн.
Тиймээс энэ талаар дурьдах нь илүүц. Би Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хувьд 2013 оноос хойш Монгол Улсын бүх шүүхэд ажиллаж, иргэдтэй уулзсан. Ингэхдээ “Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан шүүхийн шинэтгэл олон нийтэд сайн хүрч, иргэд шинэтгэлийн үр дүнг мэдэрсэн байна” гэдэг дүгнэлтэд хүрлээ. Шүүхийн шинэтгэлийн ололтоо улам бататгах, хууль тогтоомжоо боловсронгуй болгохыг иргэд захиж, сануулж байна. Мөн шүүхийн шинэтгэлийг үр дүнг иж бүрэн болгохын тулд хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг сайжруулах, шинэтгэх хэрэгтэйг иргэд ярилаа” гэсэн юм.
Шүүхийн шинэтгэлийн цаашдын зорилтыг Н.Лүндэндорж профессор таван үндэслэлээр тайлбарлахдаа
“Нэгдүгээрт, Шүүгчийн хариуцлагыг дээшлүүлэх асуудал шүүхийн шинэтгэлийн нэн чухал зорилт. Хариуцлагатай, чармайлттай, санаачилгатай байлгана гэдэг нь шүүгч шийдвэрээ нэг уншаад гарын үсэг зурдаг байсан бол гурван удаа уншдаг болгохыг хэлж байгаа юм.
Шүүх хуралдаанаа цагт нь хийхийн тулд эрэл хайгуул хийх, хэрэглэж байгаа хуулиа гурав уншдаг байсан бол тав уншдаг болохыг хариуцлага гэж ойлгодог. Шүүхийн захиргааны менежментийг боловсронгуй болгох, хэргийн хөдөлгөөнийг зөв удирдах чиглэлээр бүтээмж, үр нөлөөтэй байх нөхцлийг нь бүрдүүлнэ. Тухайлбал, хэргийн хөдөлгөөнийг удирдсанаар шүүх хуралдааны танхимыг оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийг нь зөв хуваарилах, хүний нөөцөөр хангана.
Хоёрдугаарт, Шүүгчдийн хууль хэрэглэх мэдлэг чадварыг дээшлүүлэх нь чухал асуудал. Хууль тайлбарлагч биш, хууль баримтлагч гэсэн буруу арга барил, сэтгэлгээ шүүгчдэд хэвшчихээд байсан нь сүүлийн гурван жилд өөрчлөгдсөн.
Цаашид мэдлэгжүүлэх, чадваржуулах, хэрэг дээр хэрэглэж сурах нь чухал байна. Шүүгчдийн сургалт нь шүүхийн шинэтгэлийн зорилт болно. 2013 оноос Монгол Улсын шүүгчийн сургалтын тогтсон системийг бүрдүүлсэн. Цаашид үүнийгээ чанаржуулах, тогтмолжуулах зэрэг олон төрлийн арга хэмжээ авах шаардлага байгаа. Шүүгчдэд бусад шинжлэх ухаан, салбар дундын мэдлэг хэрэгтэй байгаа зэргийг үүдэж сургалт нь шинэтгэлийн чухал асуудал болно.
Гуравдугаарт, Шүүхийг өргөн хүрээнд цахимжуулах нь шинэтгэлийн цаашдын зорилт. Шүүн таслах үйл ажиллагааг цахимжуулахаас гадна хавтаст хэргийг хүртэл цахимжуулах арга замыг судалж, үндэс суурийг тавих нь чухал байна.
Дөрөвдүгээрт, Шүүхийн дэд бүтцийг хөгжүүлэх нь чухал байна. Улаанбаатар хот болон Архангай, Дархан-Уул аймгуудын шүүхийн дэд бүтэц хуучирч, хоцорсон.
Дэлхий дахинд шүүхийн байрны шийдлээр шүүгчийн хараат бус байдлыг хангах асуудлыг шийддэг болсон. Шүүгч хэргийн оролцогч болон бусад хүмүүстэй зөвхөн шүүх хуралдааны танхимд уулздаг дэлхий дахины архитектурын шийдлийг бид хийхээс өөр аргагүй.
Тавдугаарт, Шүүхийн шинэтгэлийн арван үр дүнг улам бататгаж, хөгжүүлэх, бэхжүүлэх нь цаашдын зорилт гэж үзэж байна” гэлээ.
Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид дараах асуултад хариулт авлаа.
-Тахарын албыг татан буулгаж, эрх үүргийг нь цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Ингэснээр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах тал дээр өөрчлөлт гарсан уу?
-Уг нь энэ тухай та бүхэн надаас биш шүүх дээр нь очоод, бодит байдал газар дээрээ ямар байгаа тухай сурвалжилвал илүү үр дүнтэй. Намайг ярихаар магадгүй, ашиг сонирхлын үүднээс хандлаа гэж ойлгож болох юм. Би орон нутгаар явахдаа энэ асуудлыг тусгайлан судалсан. ШЕЗ-ийн ажлын албанаас иж бүрэн мониторингийн судалгаа хийлээ. Тахарын албыг татан буулгасан нь улс төрийн хувьд алдаатай шийдвэр болсон гэдгийг шүүхээр үйлчлүүлсэн иргэд, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд нэгэн дуугаар хэлж байна. Тахарын албаны тоноглогдсон 30 автомашиныг өөр байгууллагад шилжүүлснээр шүүхийн аюулгүй байдлыг хангадаг хэлтэс унаагүй болсон. Шүүх хуралдааны дэг сахиулдаг хүмүүсийн тоо цөөрснөөр иргэний хэргийн шүүх хуралдааныг дэг сахиулагчгүй хийдэг шүүх олон болсон. Шүүхэд албадан ирүүлдэг, эрэн сурвалжилдаг, гэрч хохирогчдыг хамгаалдаг чиг үүрэг орхигдсон байна. Тиймээс Хууль зүйн сайдад албан тоот илгээх, ажлын уулзалт хийхээр төлөвлөж байгаа.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц орон тоог цөөлж, төсвийг багагүй танасан. Үүнд ямар байр суурьтай байгаа вэ?
-Монгол Улсад шүүхийн захиргааны ганц байгууллага байдаг нь Шүүхийн ерөнхий зөвлөл. Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны бүтэцтэй өмнөх парламент гурван жил ноцолдсон.
Энэ парламентаас ч ийм яриа сонсогдож байгаа. Монгол Улсын яам, агентлагуудтай харьцуулахад хамгийн цөөхөн ажилтантай нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын алба. Шүүх эрх мэдлийн ганц захиргааны байгууллага 50 хүнтэй ажиллаж байна. Тухайн байгууллагын ажлын бүтээмж, үр нөлөө ямар байна гэж ярихаасаа илүү зөвхөн тоотой нь хөөцөлддөг нь харамсалтай. Ингэж орон тоог цөөлөхөөр нэг хүн хоёроос гурван хүний ажил хийдэг, ачааллаасаа шантарч ажлаасаа гарах зэрэг асуудлууд гарч байгаа. Гэвч үргэлж ийм байхгүй гэдэгт найдаж байна.
-Та шүүгчийн хариуцлагыг сайжруулах талаар ярилаа. Нийслэлд л гэхэд шүүхүүд маш ачаалалтай ажилладаг. Ийм нөхцөлд хариуцлагыг нь сайжруулах боломж бий болов уу?
-Хотод байгаа шүүгчид сөхөрч унатлаа ажилладаг бол орон нутагт шүүгчдийн хэргийн ачаалал бага. Шүүгч хэрэг багатай байгаа нь муу асуудал биш. Гэхдээ шүүгч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх талд зэврэх аюул бий. Тиймээс хөдөө орон нутгийн шүүгчдийг нийслэлд томилолтоор сэлгэн ажиллуулж байгаа.
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс