~ЭГЧ ДҮҮС ХОТУУДЫН УРАН БҮТЭЭЛЧДИЙН ХАМТАРСАН ҮЗЭСГЭЛЭН-2~
Улаанбаатар, БНСУ-ын Пусан хоттой харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж 2016 оны 1-р сараас Монгол Улсаас Пусан хотод суугаа Консулын газрын үйл ажиллагаа албан ёсоор эхэлсэн бөгөөд 2016 оны 6-р сараас ЭйрБусан компани хотуудын хооронд шууд нислэг үйлдэж эхэлсэн нь 2016 оны 8р сарын 3-5-ны өдрүүдэд Пусан хотын дарга Со Бёнсү тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо айлчилж, хотуудын хооронд “Найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх” санамж бичигт гарын үсэг зурсантай холбоотой юм.
Хамтын ажиллагаа эрчимжсэнээр соёл, боловсрол, эдийн засаг, байгаль орчин зэрэг олон салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, хотуудын цаашдын хөгжил цэцэглэлд үүрэг гүйцэтгэх, иргэд харилцан зорчих, аялал жуулчлалын салбарт эерэг, шинэлэг нөхцөл байдал бий болж байна.
2016 онд хамтын хүчээр бий болгосон ололт амжилтыг бататгах, тэмдэглэх, мөн манай улсын соёл урлагийг Пусан хотод сурталчлан таниулах, манай уран бүтээлчдэд үйл ажиллагаагаа тэлэх, олон улсад танигдах боломжийг нэмэгдүүлэх үүднээс Пусан хотод суугаа Консулын газар санаачлан Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх Залуу уран бүтээлчдийн нэгдэлтэй хамтарч 2016 оны 12 дугаар сарын 12-17-ы өдрүүдэд “ШИНЭ ДАВАЛГАА” монголын залуу уран бүтээлчдийн үзэсгэлэнг Пусан хотод амжилттай зохион байгуулж, Пусаны үзэгчдийн талархлыг хүртэн 150 орчим хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр цацагдаж үзэсгэлэнгийн туршид 800 гаруй үзэгчид үзэж сонирхон “… үзэхэд маш таатай байсан, Монголтой айлсан ойртуулсан үзэсгэлэн, баяр хүргэе, амжилт хүсье…” гэсэн сэтгэгдлүүдээ үлдээжээ.
Улмаар 2017 оны 10-р сарын 20-нд “Эгч Дүүс Хотуудын Уран Бүтээлчдийн Үзэсгэлэн”-г Пусаны Урчуудын холбооны дарга И Сү Ёоны урилгаар Монголын Залуу Уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүлэх гишүүд хамтран амжилттай зохион байгуулж, Монгол улсаас Нийслэл, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинцэрэн, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир нар айлчилсан билээ.
2018 оны 7-р сарын 12-нд 17:00 цагт Norphei арт галерейд “Эгч Дүүс Хотуудын Уран Бүтээлчдийн Үзэсгэлэн”-г хоёр дахь удаагаа Нийслэлийн соёл урлагийн газар, Монголын Залуу уран бүтээлчдийн нэгдэл хамтран Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулагдлаа.