Дэлхийн тавцанд Монгол Улсын нэр хүндийг эерэгээр таниулж яваа хүмүүс бол батлан хамгаалах салбарын энхийг сахиулагчид. Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаан дахь анхны хоёр цэргийн ажиглагч офицерыг 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд илгээснээс хойш сүүлийн 12 жилийн хугацаанд Монголын баг бүрэлдэхүүн энхийг сахиулах ажиллагаанд тасралтгүй оролцсоор ирсэн билээ.
Энхийг сахиулах ажиллагаанд цэргүүдээс гадна эмнэлгийн цэргийн баг 2010 оны 12 дугаар сарын 19-нөөс эхлэн Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан энхийг сахиулах “UNAMID” ажиллагаанд оролцож эхэлсэн. Үүнээс хойш долоон ээлж үүргээ амжилттай гүйцэтгэж, одоо найм дахь ээлж эх орондоо ирэх гэж байна. Гэвч энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн эмч нарын наймдугаар ээлжийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирснээр дахиж НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд Монголын эмнэлгийн баг явахгүй болжээ. Уг нь наймдугаар ээлжээ ирэнгүүт зөрөөд энхийг сахиулах есдүгээр ээлжинд явах эмч нарын баг бэлтгэл сургуулилтаа хангаад, энэ сард нисэх төлөвлөгөөтэй хүлээж байсан аж. Гэтэл НҮБ-аас дахин бүрэлдэхүүн авахгүй гэсэн мэдэгдэл ирсэн учраас есдүгээр ээлжийн цэргийн эмнэлгийн багийг буулгаж байгааг Зэвсэгт хүчний жанжин штабаас мэдэгдсэн байна. Уг багийн бүрэлдэхүүнд 70 орчим хүн багтаж, 3-4 сар гаруйн хугацаанд бэлтгэл сургуулилтаа хангаад байжээ. Тэд Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд нэг сарын хугацаанд ажиллагааны өмнөх бэлтгэл хангасан. Тодруулбал, сургалтыг цэргийн багийн бие бүрэлдэхүүний үүрэг гүйцэтгэх дадлага, чадварыг нэмэгдүүлэх, сэтгэл зүйн бэлтгэл, бие бялдрын тэсвэр тэвчээрийг дээшлүүлэх, гар нийлэмжтэй ажиллагааг бүрдүүлэх зорилгоор ЗХЖШ-ын даргын тушаалаар батлагдсан сургалтын хөтөлбөр, цагийн хуваарийн дагуу үе шаттай сургалтанд хамрагджээ. Мөн Ази-Номхон далайн бүс нутгийн орнуудын энхийг дэмжих ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх зорилготой “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны Олон улсын сургуулилтад нэг сар хамрагдаж, өдөр бүр нэгдсэн жагсаалын бэлтгэл хангасан аж. Түүгээр ч зогсохгүй орон нутгаас энэ ажиллагаанд явах эмч нар хотод ирж 3-4 сар байр түрээслэн амьдарсан мэдээлэл бий. Хань нөхрөө нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэхээр явахаас нь өмнө хамт байх гэж эхнэр хүүхдүүд нь ч ажил, гэрээ орхиод хотод ирж хамт амьдарч байсан байна. Тэд энэ сард явна гэсэн төлөвлөгөөтэй байсан тул авч явах юмс, хоол хүнсэндээ хүн тус бүр 1-2 сая төгрөг зарцуулсан байжээ. Гэтэл яг явахын даваан дээр гэнэт ийм шийдвэр гарсан нь эмнэлгийн багийнханд маш хүндээр туссан гэдгийг эх сурвалж хэлсэн. Энэ асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабын албаны эх сурвалжаас тодруулахад “НҮБ-аас дахин энхийг сахиулагч авх эсэхээ хэлэцэж байгаа гэсэн учраас эмч нарын есдүгээр ээлжийн баг бүрэлдэхүүн явах гэж байсныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан. Албан ёсоор энхийг сахиулах ажиллагааг зогсоож байгаа гэж үзэглэсэн баримт бичиг, тогтоол шийдвэр одоогоор гараагүй байна” гэсэн юм. Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-д татаас өгөхгүй гэсэн учраас НҮБ энхийг сахиулагчдыг цалинжуулах төсөв мөнгөгүй болж, энэхүү шийдвэрийг гаргаж буй мэдээлэл байна. НҮБ-ын зардлын дийлэнх нь энхийг сахиулах үйл ажиллагаанд зориулагддаг бөгөөд энхийг сахиулах ажиллагааг хамгийн ихээр санхүүжүүлэгч 10 оронд АНУ, Япон, Герман, Их Британи, Франц, Итали, Хятад, Канад, Испани, Өмнөд Солонгос багтдаг.