Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарилгаар жил бүрийн хавар, намрын улиралд бүх нийтээр мод тарьдаг. Энэ хаврын бүх нийтээр мод тарих өдөр 5 дугаар сарын 11-нд тохиож байна.
Энэ удаад Эрдэнэт хотын хэмжээнд цэнгэлдэх хүрээлэн буюу Сархиа уул, чимээгүй хот, Баян-Өндөр уул, Хүрэнбулаг, Цагаанчулуутын ам, гурван замын уулзвар гэсэн байршлуудад 19 мянга орчим мод шинээр тарихаар болжээ. Энэ жилийн тухайд шинээр мод тарихад ашиглах суулгацаа 1,5 метрээс өндөр байлгахаар болсон талаар аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.
Түүнээс гадна хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчмын 50 метртээ мод тарина. 2019 онд байгууллагууд 31 мянган мод тарих төлөвлөгөө гарсан байна.
Мөн орон сууцны хорооллуудын дунд 22 байршлын 1,3 га талбайд Цэцэрлэгжүүлэлт ногоон байгууламжийн газар болон, Эрдэнэт хотын Захирагчийн алба хамтран зүлэг, 1200 орчим мод тарихаар болжээ.
Дашрамд дурдахад, Өнгөрсөн онд иргэд, ААНБ-уудын тарьсан модны амьдралт 87 хувьтай гарчээ. Жилд 2 удаа бүх нийтээр мод тарих зарилгийг Монгол Улсын Ерөнхийлөгч 2010 онд гаргасан байна.