Өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэл хотод хийхээр төлөвлөж буй авто зогсоол, тохижилт, ногоон байгууламжийн бэлтгэл ажилтай танилцлаа. Тэрбээр БГД-ийн 5, 7 дугаар хорооны нутаг дэвсгэр, Гэмтэл согог судлалын үндэсний төв, СХД-ийн 12 дугаар хороо, СХД-ийн нэгдсэн эмнэлэг зэрэг газруудад ажилласан байна.
Нийслэлийн тулгамдсан чухал асуудлуудын нэг болох автозамын түгжрэлийн шалтгааныг мэргэжилтнүүд судалжээ. Судалгаагаар түгжрэл бий болоход хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл нь автомашины зогсоолгүй байгаа явдал гэсэн дүн гарсан байна.
Тиймээс түгжрэлийг бууруулахын тулд энэ онд багтаан нийслэлийн 70 орчим байршилд зогсоол байгуулна хэмээн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд мэдэгдлээ. Ялангуяа улсын томоохон эмнэлгүүдийн гаднах зогсоолыг шийдэхээр төлөвлөж байгаа аж.