Нүүр хуудас Нийгэм “Эрдэнэт 40 жил” алтан марк худалдаанд гарлаа

“Эрдэнэт 40 жил” алтан марк худалдаанд гарлаа

186
0
altan-mark-erdenet
"Эрдэнэт 4о жил" алтан марк худладаанд гарлаа

“Эрдэнэт 40 жил” алтан марк өчигдөр худалдаанд гарлаа. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 40 жилийн ойд зориулан “Монгол шуудан” ХК-иас “Эрдэнэт 40 жил” сэдэвт маркийг 22 каратын алтан ялтсан дээр тусгай хэвээр шахаж, офсет хэвлэлийн технологийг хослуулан бүтээжээ.

Маркийг худалдаанд гаргах нээлтийн ажиллагаа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн “Оюу” танхимд болж аймаг, орон нутаг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлага болон Монгол Шуудан компанийн гүйцэтгэх захирал, марк сонирхогчид оролцлоо.

Өнгөрсөн онд Эрдэнэт үйлдвэрийн 40 жилийн ой тохиосон бөгөөд энэ түүхэн үйл явдал, 40 жилийн бүтээн байгуулалт, үйлдвэрийн хөгжил цэцэглэлтийг харуулсан маркийг Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 119 тоот тогтоолын дагуу бүтээсэн юм. Ийнхүү “Эрдэнэт 40 жил” алтан марк нь Монгол Шуудан ХК-ийн үйлчилгээнд орж 1041 дэх сэдвийн марк боллоо.

“Эрдэнэт 40 жил” марк нь Монгол Улсын дөрөв дэх алтан, монголын маркийн түүхэнд уул уурхайн сэдвээр гарч буй хоёр дахь марк юм. Тодруулбал 1977 оны 6 дугаар сарын 15-нд “Эрдэнэт” овоо ордыг түшиглэсэн их бүтээн байгуулалтыг бэлгэдсэн “Эрдэнэт” марк анх худалдаанд гарч байжээ. Харин энэ удаагийн марканд уурхайчин залуу, анхны баяжмал, 40 жилийн ойн лого, Найрамдлын өндөрлөгийн дурсгалт хөшөө, Белаз машин зэргийг дүрсэлсэн байна.

Марк нь түүхэн үйл явдлыг үнэт цаасан дээр мөнхөлж дэлхий дахинд тухайн улсынхаа үүх, түүх, ёс заншил, тусгаар тогтнол, үнэт зүйлийг сурталчилж алдаршуулж байдгаараа онцлогтой юм. Ийнхүү дэлхийн шилдэг аж ахуйн нэгж, Хөдөлмөрийн гавъяаны улаан туг, Д.Сүхбаатарын одонт, Юмжаагийн Цэдэнбалын нэрэмжит Эрдэнэт үйлдвэр ХХК нь алтан марканд алдар нэрээ мөнхөллөө.

Монгол Улсын 1041 дэх сэдэвт “Эрдэнэт 40 жил” марк нь 50х36 мм хэмжээтэй, 22 каратын алтан бүрэлт, товгор хэвлэлттэй бөгөөд нийт 5000 ширхэгийг хэвлэсэн байна. Уг маркийг Монгол маркийн музейд хадгалуулах анхны өдрийн дугтуйнд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бадамсүрэн, “Монгол Шуудан” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Анхбаатар нар гарын үсэг зурснаар худалдаанд гарлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here