УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ц.Гарамжав, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар нар Япон Улсын парламентын Зөвлөхүүдийн танхимын гишүүн Ивай Шигэки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Байнгын хорооны дарга Ц.Гарамжав уулзалтын эхэнд хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам өргөжиж байгаад баяртай байдгаа илэрхийлж тэрээр “Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Япон Улстай хамтарч олон төсөл амжилттай хэрэгжүүлж байна. Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ой тохиож буйтай холбогдуулан олон арга хэмжээ зохион байгуулагдсан. Япон Улс манай гуравдагч хөрш бөгөөд үргэлж найрсаг харилцаатай байдагт баяртай байдаг” гэлээ.
Энэ үеэр Ц.Гарамжав гишүүн Монгол Улсын нийт хүн амын 1/3 нь аж төрдөг Улаанбаатар хотноо нэн тулгамдаад буй цэвэрлэх байгууламжийн талаарх санал танилцууллаа. УИХ-ын гишүүд 2016 онд Япон Улсад айлчлах үеэрээ Ёкохама хотын цэвэрлэх байгууламжтай танилцсан. Дэвшилтэт шийдэл бүхий тус технологийг Монголын нөхцөлд тохируулан ойрын үед Улаанбаатар хотод шинэ цэвэрлэх байгууламж барих хүсэлтэй байгаагаа хэлэв.
Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлэн, энэ салбарын дэвшилт, технологийг судлах, мэргэших бололцоог харгалзан 1000 монгол оюутныг Япон Улсад суралцуулах асуудлыг анхаарч, шийдвэрлэж өгөхийг хүссэн юм. Мөн тэрбээр уул уурхай хөгжихийн хэрээр дэлхийн даяар цөлжилтийн үйл явц эрчимжиж байгаатай холбогдуулан Монгол Улс ногоон эдийн засгийг хөгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах ажлыг идэвхжүүлж байгааг тэмдэглэн “Энэхүү ажлын хүрээнд гол усны судалгаа хийж, загасны аж ахуйг хөгжүүлэх зорилготой байгаа. Ялангуяа Амар мөрний ай савд хамаарах Онон, Улз, Хэрлэн, Халх голд олон төрлийн загас үржүүлэх боломжтой бөгөөд жуулчдын сонирхлыг ихээр татдаг тул загас үржүүлэхэд тохиромжтой. Тиймээс энэ чиглэлээр Япон Улстай хамтран ажиллаж, туршлага судлан, нэвтрүүлэхдээ таатай байх болно” гэлээ.
Монгол Улсад Япон Улсаас үзүүлсэн хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд боловсрол, хөдөө аж ахуй, хот байгуулалт, дэд бүтцийн салбарт олон төсөл, хөтөлбөр амжилттай хэрэгжсэн хэмээн дүгнэж буйг ноён Ивай Шигэки дэмжээд Байнгын хорооны даргын тавьсан тодорхой саналуудтай холбоотой мэдээлэл өгч, байр сууриа илэрхийлсэн юм. Томоохон хотын цэвэрлэх байгууламжийн сүүлийн үеийн дэвшилтэт шийдэл, технологийг Шизүока мужийн Хамамацү хотод байгуулаад байгааг тэрбээр дуулгаад боломжтой бол биечлэн танилцахыг урилаа. Япон Улсын төрийн захиргааны байгууллага нь дээрх бүтээн байгуулалтыг хийхдээ хувийн аж ахуйн нэгжүүдтэй концессын гэрээгээр хамтран ажилласан бөгөөд төрийн байгууллагын санхүүгийн ачааллыг бууруулдаг ач холбогдолтой учир Япон Улсад ч төр, хувийн хэвшил хамтарч олон асуудлыг шийдвэрлэх хандлага байгааг тэмдэглэж байв. Байнгын хорооны дарга Ц.Гарамжавын танилцуулсан Улаанбаатар хотод өндөр хүчин чадал бүхий цэвэрлэх байгууламж байгуулах асуудлыг хоёр орны Засгийн газар хоорондын яриа, хэлэлцээрийн хүрээнд шийдвэрлэх боломжтойг ноён Ивай Шигэки хэлсэн.
Үргэлжлүүлэн талууд хоёр орны Засгийн газар хоорондын нэн хөнгөлөлттэй хөгжлийн зээл болон Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцаж, санал солилцлоо.