Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбар 2016 онд хийсэн ажлаа дүгнэж,бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрт гар бие оролцсон инженер, мэргэжилтнүүдээс шилдгүүдээ тодрууллаа. Салбарын багана болсон шилдэг ажилтнууд болон онцлох төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгч хамт олныг өнөөдөр Эрчим хүчний дэд сайд Т.Гантулга, Төрийн нарийн бичгийн дарга З.Мэндсайхан нар хүлээн авч, баяр хүргэсэн юм.
Эрчим хүчний салбарын 2016 оны “Шилдэг бүтээн байгуулалтын ажил”-аар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдсан Олон Улсын нисэх онгоцны буудлын “Дулааны станц”-ын ажил тодорлоо. “МЭЗ” ХХК-ийн гүйцэтгэсэн уг төсөл 42 МВт хүчин чадалтай юм.
Тус дулааны станц нь нийтдээ 10 барилга байгууламжаас бүрдэж байна. Дулааны зуухны барилга, яндан, нүүрс хүлээн авах барилга, нүүрс бутлуурын барилга, генераторын барилга, үнсний бункер, 2 конвейр, харуулын байр, галын насосны барилгыг гадаад, дотоодын 40 гаруй компани, 50 гаруй ИТА, 600 гаруй ажилтны оролцоотойгоор богино хугацаанд барьж байгуулж ашиглалтад оруулаад байна.
2016 оны “Шилдэг төрийн өмчит байгууллага”-аар “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шалгарлаа.
Тус компани нь хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 295.9 сая кВт.ц цахилгаан эрчим хүч худалдан авч, 266.5 сая кВт.ц цахилгаан эрчим хүчийг хэрэглэгчдэд борлуулж төлөвлөгөөгөө 100% биелүүлж, түгээлтийн алдагдлыг 9,95%-д хүргэн бууруулж ажилласан байна. Тус компанийн хамт олон 2016 онд их засвар, ТЗБАХ, хөрөнгө оруулалтын нийт 63 төрлийн ажлыг хийж гүйцэтгэн, төлөвлөгөөгөө 100%-иар биелүүлж осол, аваарьгүй ажиллажээ.
2016 оны “Шилдэг хувийн хэвшлийн байгууллага”-аар “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК тодорлоо.
Тус компани нь эрчим хүчний салбарт анх удаа цахилгаан эрчим хүчний хяналт удирдлага, арилжааны автоматжуулалтын систем нэвтрүүлсэн бөгөөд энэ ажлын хүрээнд ухаалаг тоолуурын систем, диспетчерийн хяналтын систем, хяналтын камерийн системийг цогцоор нь шийдэж байна. 2016 онд Дархан-Уул аймгийн Дархан, Шарынгол, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, Цагааннуур сум болон “Ховдын цахилгаан түгээх сүлжээ” ХХК-д нийт 16600 ухаалаг тоолуурыг суурилуулжээ. Тус компани өөрийн хөрөнгөөр олон арван дэд станц, шугам сүлжээг дэвшилтэт технологиор барьж байгуулан хэрэглэгчдийг найдвартай эрчим хүчээр ханган ажиллаж байгаа юм. Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ компани техникийн шинэчлэлд багагүй хөрөнгө зарж, мөн алдагдал бууруулах чиглэлд бодитой ажил хийсэн зэргээс харахад түгээх сүлжээнүүдийг хувьчилснаар үр ашигтай ажиллах боломжтой гэдгийг харуулж байна.
2016 оны “Шилдэг менежер”-ээр “Багануур Зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Шонхорын Доржрагчаа тодорлоо.
“Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Доржрагчаа нь 2016 онд цахилгаан эрчим хүчний борлуулалтын нэг төгрөгт ногдох зардлыг төлөвлөгөөнөөс 0,06 мөнгөөр хэмнэж ажилласан байна. Ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд Говьсүмбэр Цахилгаан түгээх сүлжээний салбарын ажилчдын 8 айлын орон сууц, Багануур дүүрэгт 72 айлын орон сууцны асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд ажиллагсадынхаа цалинг 2013-2016 онд үе шаттайгаар 30% хүртэл нэмэгдүүлсэн байна. Ажлын байрны эрсдлийн үнэлгээг хийх ажлыг олон улсын стандартад нийцүүлж, аюулгүй ажлын байрыг бий болгосноор үйлдвэрлэлийн осолгүй ажиллаж байна.
2016 оны “Шилдэг ерөнхий инженер”-ээр “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн ерөнхий инженер Өглөгчийн Жаргалсайхан шалгарлаа.
Зүүн бүсийн хэрэглэгчдийг цахилгаан, дулааны эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангах, дотоод нөөц бололцоог ашиглах замаар эдийн засгийн хэмнэлттэй, үр ашигтай ажиллах, дотоод хэрэгцээний цахилгаан эрчим хүчний зарцуулалтыг эрчимтэй бууруулах үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа чиглүүлэн ажиллаж ирсэн.
2016 оны “Шилдэг инженер”-ээр “ДЦС2” ТӨХК-ийн Зуухан цехийн ашиглалтын инженер М.Энхтүвшин, “Дарханы Дулааны станц” ТӨХК-ийн тооцооны инженер Я.Ганхуяг, “Тайшир Гуулин” ХХК-ийн механик инженер Ц.Базарсад, “Багануур” ХК-ийн авто ашиглалтын инженер Б.Ганболд тодорлоо.
2016 оны “Шилдэг мастер”-аар “ДЦС4” ТӨХК-ийн Турбинт цехийн машинт тоноглолын засварын мастер С.Эрдэнэбат, “ДЦС3” ТӨХК-ийн Механик цехийн өргөх зөөх механизмын засварын мастер Б.Эрдэнэбат, “УБЦТС” ТӨХК-ийн Зүүн түгээх төвийн мастер Ч.Отгонбаяр, “Баянхонгор эрчим хүч” цахилгаан түгээх ХХК-ийн мастер Г.Лхагвасүрэн нар шалгарлаа.
2016 оны “Шилдэг ажилтан”-аар “Диспетчерийн үндэсний төв” ТӨХХК-ийн холбооны техникч, монтёр О.Өлзийбат, “ЦДҮС” ТӨХК-ийн Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний ахлах монтёр Ц.Нямсүрэн, “УБ Дулааны сүлжээ” ТӨХК-ийн Дулааны хянах хэмжүүр автоматикийн засварын слесарь С.Батнасан, “Багануур” ХК-ийн эксковаторын туслах машинч А.Тэргүүнбаатар нар тодорлоо.
Монгол Улсын гал голомт болсон Эрчим хүчний салбарт бүтээн байгуулалт өрнөж, бодлогын төсөл хөтөлбөрүүд гарааны босго давсан нь 2016 он болон тамгалагдаж байна. Тухайлбал, энэ онд нийслэлийн зургаан дүүргийн 1580 өрх айлыг цахилгаан эрчим хүчинд холбосон нь яригдаад олон жил болсон асуудлыг нэг сарын хугацаанд шийдэж, алслагдсан гэр хорооллын өрхүүд тогтой амьдрах боломж бүрдсэн. Үлдсэн 7000 айл өрхийг 2017 онд эрчим хүчинд холбохоор төлөвлөж, шаардагдах хөрөнгө мөнгийг Улсын төсөвт тусгуулав. Мөн нийслэлийн өвлийн их ачааллыг найдвартай, тогтвортой байлгах үүднээс Амгалан дулааны станцын ачааллыг нэг дахин буюу 1500 тонн усаар нэмэгдүүлсэн нь шинээр Баянзүрх дүүрэгт 54, ХУД-т 46 хэрэглэгч, нийт 78 Гкал/ц, нийслэлд шинээр нийт 194 барилгад 119 Гкал/ц-ийн дулааны хэрэглээг хангах техникийн шийдэл, горим ажиллагааг бий болгосон юм. Цаашид Дулааны III цахилгаан станцын хүчин чадлыг 250 МВт, Чойбалсангийн ДЦС-ын хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх, мөн Багануур-Чойрын өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугам, Багануурын дэд станцыг өргөтгөх, Чойрын дэд станц барих, өргөтгөх зэрэг томоохон төслийг эхлүүлэхээр болсон нь олон жил дуншсан эрчим хүчний эх үүсвэрүүдийг барьж, Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргах боломж бүрдлээ.
Эх сурвалж: ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ