Нүүр хуудас Улс төр Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд...

Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа

129
0

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар, тус хорооны гишүүн Д.Дамба-Очир нар Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эд Жэйгэрийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Д.Дамба-Очир нар Канадын Элчин сайдыг хүрэлцэн ирсэнд талархлаа илэрхийлээд Монгол-Канадын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг уулзуулах, хамтын ажиллагааг бий болгох, өрнүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн энэ хүрээнд ноён Эд Жэйгэрийг урьснаа дуулгалаа.

Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эд Жэйгэр хэлэхдээ “Хоёр улсын харилцаа маш сайн түвшинд байгаа төдийгүй сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарт эрчимтэй хөгжиж байна. Энэ хүрээнд Оюу толгой төслийг нэрлэж болно. Та бүхний санаачлагыг судалж, хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах, хамтын ажиллагааг өрнүүлэх асуудлыг хэрэгжүүлэх боломжтой” хэмээн онцлов.

УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга Ж.Ганбаатар “Аливаа улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч нь жижиг, дунд үйлдвэрлэгчид байдаг. Үүнийг үлгэрлэн харуулж буй орон бол Канад Улс. Тийм ч учраас бид Канадын арвин туршлагаас судлах, боломжтой бол ойрын хугацаанд хоёр улсын жижиг, дунд үйлдвэрлэгчдийг уулзуулах томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулах хүсэлтэй байна. Иймд та өөрийн зүгээс дэмжин ажиллахыг хүсэж байна” гэж тэрбээр хэллээ.

Уулзалтын төгсгөлд Элчин сайд Эд Жэйгэр асуудлыг судлахаа илэрхийлж ирэх 2017 оны 3-р сарын 27-нд Канад Улсын Оттава хотноо болох Монгол, Канадын дугуй ширээний уулзалтын үеэр энэхүү асуудлыг  ярилцах боломжтойг дуулгалаа гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here