“Залуусын дуу хоолой-2019” чуулга уулзалтаар 18-35 насны 1000 орчим залуус цуглаж, сайн засаглал, залуучуудын улс төрийн оролцоо зэрэг чухал асуудлаар үзэл бодлоо илэрхийлж, санал солилцсон юм.
Хэвлэлийн Хүрээлэнгээс энэхүү чуулга уулзалтын эхний өдрийн хамгийн эхний хэсэг болох “Эрэн сурвалжлах сэтгүүл зүй ба залуусын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулсан.
Хэлэлцүүлэгт ikon.mn сайтын ерөнхий редактор Ч.Болортуяа, TВ6 телевизийн “Улаан бал” нэвтрүүлгийн редактор Ч.Лодойсамбуу, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын гүйцэтгэх захирал Ц.Мандхайхатан, UB life сайтын ерөнхий редактор Ж.Хулан, MҮОНРТ-ийн Эрэн сурвалжлах редакцийн сэтгүүлч Г.Батзаяа нарын өнөө цагийн шилдэг залуу сэтгүүлчид оролцсон юм.
Тэд ил тод байдал, хариуцлагыг нэмэгдүүлэх үүднээс Монголын сэтгүүл зүйд эрэн сурвалжлагыг хөгжүүлэх шаардлагатай талаар өөрсдийн санаа бодол, туршлагаа хуваалцсанаас гадна технологийн нөлөөгөөр сэтгүүл зүйд гарч буй өөрчлөлт, датад суурилсан эрэн сурвалжлах сэтгүүл зүй, эрэн сурвалжлах сэдэв, эх сурвалжуудтай харьцах зэрэг өргөн хүрээнд ярилцлаа.