Өвлийн улиралд Мотоциклийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна
Өнгөрсөн долоо хоногт буюу 2018 оны 01 дүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд замын цагдаагийн 380 гаруй алба хаагч хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөн зохицуулалт хийх, хяналт шалгалт хийх чиглэрээр үүрэг гүйцэтгэлээ. Үүрэг гүйцэтгэх хугацаанд алба хаагчдаас 3700 гаруй зөрчлийг илрүүлэн хууль тайлбарлах, сануулах мөн хуулийн дагуу арга хэмжээ авч ажилласан бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 54 зөрчлийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллажээ.
Замын цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 541 дуудлага мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын 419 дуудлага бүртгэгдсэн бөгөөд ослын улмаас 14 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтэж бэртсэн байна.
Улсын болон орон нутгийн чанартай авто замд ноцтой зам тээврийн ослын улмаас 3 хүний амь нас хохирсон бөгөөд осол Өвөрхангай, Хөвсгөл аймгуудад бүртгэгдсэн байна.
Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн 4 осол, мөргөлдөх хэлбэрээр 13 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 1 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Мөн алба хаагчдаас “Илрүүлэлт-Оргодол” арга хэмжээний хүрээнд шүүхээс эрэн сурвалжилж байсан болон гэмт хэрэгт сэрдэгдсэн 3 этгээд, тээврийн хэрэгсэл 3, эзэн холбогдогч нь тогтоогдоогүй байсан 2 гэмт хэргийг илрүүлсэн байна.
Тухайлбал:
Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 2 дугаар багийн нутагт асфальтан замд H.Porter маркийн автомашины жолооч нь улсын дугааргүй Mustang маркийн мотоцикльтой мөргөлдөж жолооч 22 настай Б-н амь нас хохирсон.
Мөн ЧД-ийн нутаг Цагаан байрны зүүн замд T.Pruis-20 маркийн автомашины жолооч нь замын хажуугийн цементэн хавтан мөргөж зорчигч нарын 3 хүн гэмтсэн хэргийг тус тус шалгаж байна.
Манай улсын иргэд тэр дундаа хөдөө, орон нутгийн иргэд мотоциклийг жолоодох эрхийн үнэмлэхгүй, нас харгалзахгүй, даац хэтрүүлэн, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон бүрэн бус техник хэрэгсэлтэй улирал харгалзахгүйгээр, шороон замд, зориулалтын бусаар, тэрч бүү хэл малын бэлчээрт, унаж хэрэглэж байгаа нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлж байна.
Иймээс иргэн та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ төлөө сонголтоо зөв хийж, аюул ослоос ангид байж, мотоциклийг зориулалтын зам, улиралд, техникийн бүрэн бүтэн байдлыг ханган иж бүрэн хамгаалах хэрэгслийг өмсөж хэрэглэн замын хөдөлгөөнд оролцоно уу.