Өмнөговь аймагт залуучуудын гарааны бизнесийг дэмжих бизнес инкубатор төвийг ажиллуулж байна. Өрхийн орлогоо нэмэгдүүлэх, ямар нэг жижиг хэмжээний бизнес эхлүүлэх гэж байгаа залууст инкубатор төв нь ажлын байрыг шийдэж өгдөг аж.
Аль ч аймаг, суманд ажлын байрыг нэмэгдүүлэх, улмаар иргэдийн өрхийн орлогыг сайжруулах нь нэн тэргүүний тулгамдсан асуудлуудын нэг байдаг. Өмнөговь аймагт иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг сайжруулахад онцгой анхаарч тодорхой үр дүнд хүрч байна.
Дөнгөж бизнесээ эхлүүлж байгаа залуусаа дэмжин “Хөгжлийн ирээдүй оюунлаг залуучууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд “Бизнес инкубатор төвийг” Политехник коллежийг түшиглүүлэн байгуулсан.
Политехник коллежийн төгсөгчид болон гарааны бизнес эрхэлж байгаа залуус бизнес инкубатор төвд хандсанаар мэргэжлийн багш нараас арга туршлага зөвлөгөө авахын зэрэгцээ ажлын байрны түрээс мөнгө төлөлгүй хувийн бизнесээ хөгжүүлэх боломжтой юм.
Зөвхөн Политехник коллежийн оюутнууд төгсөгчид бус Өмнөговийн нийт залууст хамааралтай бөгөөд гарааны бизнесээ хөгжүүлэхэд дэмжлэг болж байгаа юм. Оёдол эсгүүр, үйлчилгээ түргэн хоол гэх мэт бизнесээ хөгжүүлэх боломжтой хэд хэдэн төрлөөр бизнес инкубатор төвд үйлчилгээ эрхэлж болно.
Цаашид сургалтын өрөө, хурдны интернет зэрэг залуусын бизнесээ хөгжүүлэхэд нэн тааламжтай шийдлээр Бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх гэнэ.