Өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод “АСПАК-2017” чуулга уулзалт болж дэлхийн 51 орноос 3500 гаруй зочид, төлөөлөгчид ирж “Шангри Ла”, “Туушин”, “Улаанбаатар”, “Блю Скай”, “Корпорайт” зэрэг зочид буудалд нэгэн зэрэг болж өчигдөр өндөрлөлөө. Олон улсын JCI байгууллагын Ази Номхон далайн бүсийн энэхүү чуулга уулзалтанд 80 гаруй арга хэмжээ болов. Тус байгууллагын гишүүддээ зориулсан сургалт, үзэсгэлэн худалдаа, гала тоглолт, үндэстэн болгоны онцлогийг харуулсан сонирхолтой үдэшлэг дөрвөн орой дараалан болсон юм. “АСПАК” чуулганы гол арга хэмжээ Улаанбаатар хотын Засаг даргын Тамгын газартай хамтарсан “Ногоон хөгжлийн форум”-аар амжилттай үргэлжилж хүндэт зочдоор Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, JCI байгууллагын олон улсын төлөөлөл, JCI Монгол байгууллагын 2017 оны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч М.Батбаяр нарын зочид төлөөлөгчид оролцов. Энэ үеэр Монгол Улсыг зорин ирсэн 50 гаруй орны 3000 гаруй бизнес эрхлэгч, манлайлагч залуусын эх орондоо хэрэгжүүлсэн, тэр дундаа байгаль орчин, ногоон хөгжлийн чиглэлээр амжилттай хэрэгжүүлсэн сайн туршлагаасаа хуваалцлаа. Тухайлбал, хүн амын нягтаршил ихтэй, Азийн хөгжингүй орнуудын нэг болох Тайвань улс хогны асуудалд ихээхэн анхаардаг гэнэ. Хотуудынх нь олон нийтийн газар, гудамж талбайд хогийн савны хэрэгцээг хязгаарлажээ. Ийм үед иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд хог ихээр ялгаруулах, боловсруулах явдал ч багассан байна. Ингэснээр хогоо дахин ангилж, бүтээгдэхүүн болгох явц ч үр дүнтэй байдаг гэж JCI байгууллагын 2016 оны Ерөнхийлөгч, JCI Тайвань байгууллагын төлөөлөгч Австри улсын Вена хотыг форумын үеэр онцолж байлаа. Ард түмэн нь тав тухтай, амьдралын чадавхийг бий болгосноос гадна эрчим хүчний хэмнэлт, хамгийн гол нь инновацийг бий болгосноороо дэлхийн олон хотоос 2013 оноос хойш жил дараалан ухаалаг хотоор шалгарчээ. Ийнхүү дэлхийн улс орнуудын ногоон хөгжлийн талаар JCI байгууллагын төлөөлөгчдөөс шилдэг, сайн туршлага, мэдээлэл солилцлоо. Дэлхийн эерэг өөрчлөлтийн төлөөх залуусыг эгнээндээ нэгтгэсэн JCI байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 200 мянган гишүүнтэй Ази Номхон далайн бүсийн чуулга уулзалт нь дэлхийн шилдэг бизнес эрхлэгч лидер залуусын туршлагаас хуваалцах том боломж байлаа. JCI байгууллагын гишүүдийн олонх нь хөгжингүй улс орны бизнесийн салбарт амжилттай ажиллаж буй залуус юм байна. Форумын үеэр Монгол Улсын хувьд бизнес эдийн засгийн орчин харьцангуй сайн нөхцөлтэй болохыг судалгааны байгууллагаас тэмдэглэж байлаа. Гол нь хөрөнгө оруулагчдад таатай хууль, эрх зүйн орчныг сайжруулах асуудалдаа анхаарах шаардлагатайг онцолж байв. Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх боломжтой салбаруудыг жагсаавал уул уурхайн, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбаруудыг дурьдлаа. Ялангуяа сэргээгдэх эрчим хүчний салбарт гадны туршлага, дэмжлэг хэрэгтэй байгааг форумаар хэлэлцэж байлаа. Манай улс 2030 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилго тавьсан ч энэ салбарын хувьд манай улс туршлага хуримтлуулаагүйг мэргэжилтнүүд онцолдог. Тиймээс JCI байгууллагын олон улсын төлөөлөгч, бизнесменүүд энэ чиглэлд анхаарлаа хандуулах бүрэн боломжтой гэж байлаа. “АСПАК-2017” чуулга уулзалтын үеэр болсон бас нэг онцлох үйл явдал нь Үндсэний цэцэрлэгт хүрээлэнд байгуулсан “JCI Garden” төслийн нээлт байв. 2013 оноос JCI -ийн Үндэсний байгууллагууд, эгч дүүсийн харилцааатай салбар байгууллагуудын оролцоо, хамтын ажиллагаагаар энэхүү амралт зугаалгын таатай орчинг байгуулжээ. Төслийн хүрээнд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гол хэсэгт байрлах 0.5 га газрыг хамарсан Ази, Европ, Африк, Америк гэсэн дөрвөн бүсийг төлөөлж, тэдгээрийн онцлогийг тусгасан 12 жил бүхий хүслийн хайрцаг, хайрын сандал, саравч, урлагийн тоглолт хийх боломжтой тайз, JCI цаг, хүндэтгэлийн самбар гэсэн хэсгүүдээс бүрдсэн ногоон байгууламжийг бүрэн шийдсэн байна. Энэ үеэр Японы JCI байгууллагын ерөнхийлөгч тус цэцэрлэгт хүрээлэнд 63 сая төгрөг хандивласан юм. Мөн өчигдөр “АСПАК-2017” чуулганы шагнал гардуулах ёслолын ажиллагаа болж 17 номинациас Монголын хоёр төсөл шилдгээр шалгарсан. Нийгмийн үүрэг хариуцлагатай шилдэг төслөөр “JCI Улаанбаатар” салбарын “Хотын шийдэл” төсөл, Шилдэг шинэ салбараар “JCI Impact” салбар тодорсон байна. Энэ удаагийн “АСПАК-2017” чуулганы шилдэг номинацийн ихэнхийг нь Хонгконг авав. Мөн Малайз, Филлипин, Япон, Камбож улсууд ч шагнал авч байлаа. Мөн залуу манлайлагчдын дунд зохион байгуулсан илтгэх урлагийн тэмцээний шилдэг гуравт “JCI Impact” салбар байгууллагын гишүүн Б.Ачбаяр шалгарсан юм.
Нүүр хуудас Нийгэм “АСПАК-2017”чуулганы үеэр Японы JCI байгууллагын ерөнхийлөгч цэцэрлэгт хүрээлэнд 63 сая төгрөг хандивлажээ.