БСШУСЯ, ШУА хамтран олон нийтэд шинжлэх ухааны мэдлэг олгох зорилгоор “Эрдэмтдийн үг” цуврал лекцийг зохион байгуулж байгаа билээ. Тус лекцийн 8 дахь удаагийн зочин эрдэмтнээр эдийн засагч, доктор, профессор Б.Даваасүрэн уригдаж, “Иргэдийн эдийн засгийн боловсрол” сэдвээр 12 дугаар сарын 2-ны өдөр олон нийтэд нээлттэй, үнэ төлбөргүй лекц уншина.
Улс орны хөгжил өрх гэр, хувь хүмүүсийн амьдрах ухаан, хүмүүжил төлөвшлөөс их хамаардаг. Манай ард түмэн зүгээр ч бус биеэ зас, биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө зас гэж сургадаг уламжлалтай. Хүн бүхэн эдийн засаг, удирдлагын мэргэжилтэй байх албагүй ч өөрийн хувийн амьдрал, санхүүгээ аваад явах мэдлэг чадвар, хүмүүжил, төлөвшилтэй байх шаардлагатай.
Судалгаанаас үзэхэд хувь хүний санхүү бэхжихийн хэрээр, ялангуяа хувь хүний орлого өсөхийн хэрээр банкинд орох мөнгөний тогтмол урсгал бий болж, зээлийн эх үүсвэр нэмэгдэж улсын эдийн засаг бүхэлдээ өсдөг зүй тогтол байна. Энэ үүднээс хувь хүний санхүүгийн удирдлагад төрийн бодлого, оролцоо хэрэгтэй байгаа бөгөөд ялангуяа иргэдийн эдийн засаг санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд бүхий л боломжит хэлбрээр дэмжин туслаж байх шаардлагатай юм.
Үүний нөгөө талаас тухайн хүний өөрийн амьдралаа яаж авч явах нь өөрийх нь жинхэнэ хариуцах ёстой ажил юм. Манай улс түүхийн хувьд социалист системээс зах зээлд харьцангуй саяхнаас шилжиж байгаа нь ард иргэдийн, түүний дотор залуу үеийн эдийн засгийн боловсролыг сайжруулах, цаг үетэйгээ зохицсон хүмүүжил төлөвшилтэй болгох тулгамдсан шаардлага үүсээд байна.
Лекцээр улс орны эдийн засгийн хөгжлийн бодлого, үзэл баримтлалын шинэчлэлийн чиглэлүүд болон иргэдэд эдийн засгийн боловсрол, хүмүүжлийг хэрхэн төлөвшүүлэх зэрэг асуудлуудыг хөндөн ярих юм.