Нүүр хуудас Нийгэм “МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”

“МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН”

372
0
МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН
МАЛЧДАД ТУСЛАХ САЙН САНААНЫ АЯН
Монгол орны эдийн засгийн үндсэн суурь болсон мал аж ахуйн салбарт үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх, байгаль, цаг уурын онцгой хүндрэлийг хохирол багатай даван туулах зорилгоор “Малчдад туслах сайн санааны аян”-ыг санаачлан өрнүүлж, монголын ард иргэд, албан байгууллага, аж ахуйн нэгж, гадаад орны элчин сайдын яамд, хандивлагч орон, олон улсын байгууллагуудад хандан хандив, тусламж үзүүлэхийг уриалж байна.

Цаг уур, орчны шинжилгээний газраас цаашид ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, манай оронд урьд өмнө тохиолдож байгаагүй хүйтэн өвөл болох цаг агаарын урьдчилсан мэдээ гарсан нь мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтанд хүндрэл учруулж болзошгүй нөхцөл байдал үүсээд байна.

Засгийн газрын хуралдаанаар мал аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын тайланг хэлэлцэхэд өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 82.8 хувьтай хангагдсан байна.

Гэвч энэ оны 10,11 дүгээр сард манай орны ихэнх нутгаар их хэмжээний цас орж нийт нутгийн 50 хувьд цасан бүрхүүл тогтож, улмаар хүйтний эрч эрс чангарч одоогийн байдлаар Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсэг, Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул аймгууд зуд болох хамгийн их эрсдэлтэй, Сүхбаатарын зарим нутаг, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь аймгууд их эрсдэлтэй байдалд орсон нь нийт аймгуудын 70 гаруй хувийг эзлэж байна.

Энэ аяны хүрээнд цугларсан нэн шаардлагатай дулаан хувцас, хүнсний болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүн, малын эм тариа, түлээ нүүрс, өвс, тэжээл, нэмнээ, элгэвч, малын хашаа хороог дулаалах материалыг цаг агаарын нөхцөл байдал хүндрэхээс өмнө  малчин түмэндээ хүргэхийг зорьж байна.

Мянга мянган жил бэлчээрийн мал аж ахуйг эрхлэн монголчуудын амьдралын эх суурийг хангаж ирсэн малчин түмэндээ сэтгэлийн цэнхэр хадгаа дэлгэж, цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс урьтаж, цаг алдалгүй тусламж, дэмжлэгээ үзүүлж, буянт мал сүргээ хамгаалах ариун үйлсэд нэгдэхийг монголын ард түмэндээ уриалж байна.

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ,

ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here