~“Оюутан цэрэг” хөтөлбөр эхлээд 2500 гаруй оюутан хамрагдаад байна~
Улс орныхоо аюулгүй байдал, батлан хамгаалах хэрэгцээ, шаардлагыг хангах нь Монгол төрийн нэн тэргүүний үүрэг.
Энэ чиглэлд хийж буй олон чухал ажлын нэг нь “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт юм.
“Оюутан цэрэг” хөтөлбөр хэрэгжиж эхлээд 3 жил болж байна. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл улсын хэмжээгээр 2500 гаруй оюутан хамрагдаад байгаа аж.
“Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалт нь агуулга багтаамж сайтай, шахуу хөтөлбөртэйгээр явагддагаараа онцлогтой.
Батлан хамгаалах тухай хууль, Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаалууд, аймгийн Засаг даргын 2018 оны 2 дугаар сарын 14-ны адрийн а/72 дугаар захирамжийг тус тус үндэслэн Орхон аймагт хоёр дахь удаагийн “Оюутан цэрэг”-т цэргийн мэргэжил олгох сургалтыг 2018 оны 4 дүгээр сарын 1-ээс 8 дугаар сарын 12-ны хооронд зохион байгуулж байна.
Оюутан цэрэгт цэргийн мэргэжил олгох сурталтад хамрагдах хүсэлтэй оюутнуудыг “Цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам”-ыг баримтлан эрүүл мэндийн үзлэгт оруулан, тэнцсэн оюутнуудыг 3 дугаар сараас эхлэн академик сургалтад хамруулсан бөгөөд өчигдөр Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн сургалтын полигоныг түшиглэн хээрийн дадлага сургуулилтад гаргаж, нээлтийн арга хэмжээг зохион байгууллаа.