Долоон буудал, Сэлбэ зэрэг зуслангийн чиглэлийн зам дагуух гэр хороололыг төвлөрсөн дулаан хангамжид холбох боломжийг бүрдүүлэх “Сэлбэ” дулааны дэд станцын шавыг тавилаа. Газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийсний үр дүнд өнөөдөр ийн “Сэлбэ” дэд станцын шав тавих боломж бүрджээ.
Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: “Улаанбаатар төдийгүй Монгол Улсын засгийн газар, иргэдийн толгойны өвчин бол агаарын бохирдол, утааны асуудал. Үүнийг шийдэх нэг гарц бол орон сууцаар хангах, төвлөрсөн дулаанд холбох. Азийн хөгжлийн банк, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран “Сэлбэ” дэд станцыг барих ажлыг зоригтой эхлүүлж байгаад салбарын сайдын хувьд талархаж байна. Мөн иргэд маань ч дэмжиж, тун удахгүй энэ ажлын үр шимийг хүртэнэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.
162 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк гаргаж, нийслэлээс 60 сая орчмыг нь гаргана. Үлдсэн хэсгийг донор орнуудаас бий болгоно Сэлбэ дэд төвийн хүрээнд СБД-ийн 13, 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 14, 15, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр болох 158 га талбайд төлөвлөлт хийжээ. 26.68 МВТ хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн дулааны станц, дулааны шугамыг олон улсын нээлттэй тендерээр шалгаруулахад “Хүрд” ХХК болон БНХАУ-ын “Шиншианг Гонгшен бойлер” ХХК түншлэл шалгарсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа томоохон төслийн нэг нь гэр хорооллын дэд бүтцийг хөгжүүлэх энэ төсөл. Төслийн үр дүнд ойрын хугацаанд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүдийг бий болгох ажлыг эрчимтэй хийж байгаа нь Улаанбаатар хотыг нэг төвтэй хотоос олон төвт хотруу шилжүүлэх бодит алхам юм. Сэлбэ дэд төв ашиглалтад орсноор энэ хавийн айл өрхүүдийг дулаанаар хангахаас гадна шинэ суурьшлын бүс бий болох онцлогтой. Мөн түүхий нүүрсний хэрэглээ жилдээ 15 мянган тонноор буурна. Энэ төсөл нь 320 сая ам.долларын өртөгтэй. Үүний 162 сая ам.долларыг Азийн хөгжлийн банк гаргаж, нийслэлээс 60 сая орчмыг нь гаргана. Үлдсэн хэсгийг донор орнуудаас бий болгох юм” гэв.
Уг дулааны станц болон инженерийн шугамын ажил хийснээр 6 мянга орчим өрх төвлөрсөн дулаан хангамж бүхий сууцанд амьдрах боломж бүрдэх судалгааг Азийн хөгжлийн банк хийсэн байна.