Аливаа улсын нийслэлийн 90 хувь нь ногоон байгууламж байна гэсэн олон улсын стандарт байдаг юм байна. Гэтэл манай улсын нийслэл Улаанбаатар хотын ердөө тавхан хувь нь ногоон байгууламж байдаг гэсэн харамсалтай тоо бий. Тиймээс сүүлийн жилүүдэд нийслэл, дүүрэг, хороо шат шатандаа энэ асуудалд багагүй ач холбогдол өгч байгаа. Тухайлбал, Хан-Уул дүүргийн Засаг дарга 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөртөө “Эко дүүрэг-Ногоон хөгжил” зорилтыг тусгаж, нийслэлийн өнгийг тодорхойлогч Хан-Уул дүүрэг нь “ЭКО ДҮҮРЭГ” болох зорилт дэвшүүлэн ажиллаж буй юм.
Тус ажлынхаа хүрээнд өнгөрсөн амралтын өдөр буюу 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр “Мод тарих аян” өрнүүлж “Эко дүүрэг – Ногоон сургууль” хөтөлбөрийг хэрэгжүүллээ. Дүүргийн Засаг дарга болон Хөдөө аж ахуйн их сургуулийн хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, байгаль орчныг нөхөн сэргээх, байгаль орчноо хамгаалах үйлсэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэхэд оршиж нийт 10 төрлийн 1200 гаруй мод, бут сөөгийг тарилаа.