Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотын хэмжээнд үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргийг таслан зогсоох, илрүүлэх зорилготой “Үнэгний ав” нэгдсэн арга хэмжээний хүрээнд илрүүлсэн гэмт хэргүүдийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Халаасны хулгайн гэмт хэргийг үйлдэж буй бүлэг зохион байгуулалттай этгээдүүдэд цохилт өгөх зорилгоор цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд шинээр нэвтрүүлэн ашиглаж буй гэмт хэргийн цахим зураглал /Crime map, Egsoc/-д системд дүн шинжилгээ хийн халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газар орчин, цаг хугацааг оновчтой тодорхойлж “Үнэгний ав” нэгдсэн арга хэмжээг өнгөрөгч есдүгээр сараас үе шаттайгаар зохион байгуулсан.
Тус арга хэмжээний хүрээнд 19.872.000 төгрөгийн хохиролтой, 33 холбогдогчтой, 47 хэрэг, зөрчлийг илрүүлэн, хулгайд алдагдсан нийт 18 сая төгрөгийн үнэ бүхий 45 ширхэг гар утас, 850 мянган төгрөгийг хураан авч гэмт хэрэгт өртсөн иргэдийг хохиролгүй болгож ажилласан байна.
Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг албан байгууллагууд, хүмүүс ихээр төвлөрсөн их дээд сургуулиуд, худалдааны төв, захуудын телекамерын хяналтыг сайжруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр “Нийтийн тээврийн газар”, аж ахуй, нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэн хамтран ажиллаж, халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж буй газруудад 64 ширхэг хяналтын камерыг шинээр суурьлуулсан гэж Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Э.Бат-Эрдэнэ мэдээлэв.
2016 оны жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд нийт 3472 халаасны хулгайн гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэл бүртгэгдэж, үүнээс 551 гомдол, мэдээлэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байна. Халаасны хулгайн гэмт хэргийн илрүүлэлт 2015 онд 48.4 хувьтай байсан бол 2016 онд 54 хувь болж 5.6 хувиар өсчээ. УБХЦГ-ын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй хэлтсийн алба хаагчид 2016 онд 443 холбогдогчтой, 376 сая 330 мянган төгрөгийн хохиролтой, нууц далд аргаар үйлдэгдсэн 409 хэрэг үйлдэл илрүүлэн ажилласан байна. Халаасны хулгайн гэмт хэргийн 35 хувь нь нийтийн тээврийн том оврын автобусанд, 31 хувь нь гудамж талбайд, 21 хувь нь аж ахуй нэгж байгууллагад, 13 хувь нь томоохон зах, худалдааны төвүүд болон бусад газуурдад үйлдэгдэн бүртгэгджээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Улаанбаатар хотын гудамж, зам талбайг хянах гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналтын удирдлагын нэгдсэн төв”, бүхий “Аюулгүй хот” төслийн хүрээнд халаасны хулгайн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байгаа газруудад телекамер байршуулах саналыг хүргүүлсэн байна.