Монголын багш нарын өдрийг Засгийн газраас 2014-2015 оны хичээлийн жилээс эхлэн жил бүрийн аравдугаар сарын 5-нд тэмдэглэж байхаар өөрчлөлт оруулсан. Уг өдрийг дэлхийн 100 гаруй оронд багш нарын өдөр болгон тэмдэглэдэг. Мөн ихэнх улсад Багш нарын эрхийг хамгаалах өдөр ч гэдэг. Тэгвэл өчигдөр яг үүнийг батлах мэт зарим багш ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнд оролцож байхад нөгөө хэсэг нь онц их хурлаа зохион байгуулж, төв талбайд жагсаалд оролцож өнгөрөөлөө.
Хэдий цалингаа нэмүүлэхээр шаардлага тавьж, ажил хаялт зарлаж байгаа ч өчигдөр Монголын багш нарын өдрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болсон. Арга хэмжээнд БСШУС-ын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Болормаа, нийслэлийн Засаг дарга С.Батболд, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга болон Монгол Улсын их, дээд сургууль, нийслэлийн төрийн болон төрийн бус өмчийн сургууль, цэцэрлэгийн багш ажилчид, удирдлага оролцож нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн сургууль цэцэрлэгийн шилдгүүдийг тодруулсан юм. Мөн Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо болон “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос хамтран зохион байгуулсан Монголын багш нарын анхдугаар онц их хурал ч болов. Тус хурлыг зохион байгуулагчдын зүгээс “Багш нарын эрхийг хамгаалах дэлхийн өдрийг Монголын багш нар анх удаа ёс журмынх нь дагуу тэмдэглэж өнгөрүүллээ. Өмнө нь багш нар энэ өдрийг баяр гэж ойлгодог байсан. Харин энэ өдөр бол баяр биш юм. Багш нар өөрсдийнхөө эрхийг хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэх өдөр” гэсэн юм.
Анхдугаар онц их хурлын гол сэдэв багш нарын нийгмийн хангамжийг сайжруулах, цалинг нэмэгдүүлэх байв. Ийм эдийн засгийн боломж байгаа гэдгийг “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооны тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Д.Дуламсүрэн хэлж байлаа. Тэрээр хэлэлцүүлсэн илтгэлдээ “Монгол Улсын тэргүүлэх салбарт ажиллаж буй Ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын багш нар, ажилчид албан хаагчдын нийгмийн асуудлыг шийдэх үүрэгтэй Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ өдийг хүртэл яагаад дорвитой алхам хийлгүй хойрго хандсаар байна вэ. Засгийн газар, эрх баригчид 2016 оны УИХ-ын сонгуулиар мэргэжлийн Засгийн газар байгуулна, давхар дээлийг болиулна, цалин тэтгэврийг нэмэгдүүлнэ, зээлийн хүүг бууруулна, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ зэргээр олон сайхан амлалт бидэнд өгсөн. Амлалтууд хэзээ биелэгдэх вэ. Ард түмэн итгэж саналаа өгсөн. Гэтэл өнөөдөр боловсролын салбарт өөрчлөлт шинэчлэлт битгий хэл цалингаа нэмэгдүүлэх санал санаачилга гаргасан хэдэн багш нарыг минь үл тоож элдвээр доромжлох, эвлэлдэн нэгдсэн хүчийг нь сааруулахаар оролдож байна. Багш нарын цалинг нэмэгдүүлэх боломж төрд бий. Хуулиар олгогдсон эрхийнхээ төлөө тэмцэж буй багш нарын асуудлыг энэ төр шийдэх ёстой. Төрд хүсэл зорилго, итгэл сэтгэл байвал багш нарын цалинг нэмэгдүүлэх боломжууд хангалттай байна. Хэдхэн тоо баримт хэлье. 2017 оны Монгол Улсын төсвийн нэгдсэн тайлангаас төсвийн нийт зардлыг 1.740 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн байх юм. Үүний зардлын задаргааг үзвэл, 915.8 тэрбум төгрөг нь УИХ болон Засгийн газрын нэг удаагийн шийдвэрээр хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээний зардалд зарцуулсан байна. Энэ нь урьд оны өр, буруу шийдвэр гаргасан дарга нарын арбитрын шүүхийн зардал, бидний амьдралд огт шаардлагагүй хөтөлбөрүүдийн зардал байна. Цаашлаад та бидний сайн мэдэх төрийн өмчийн бус сургууль, цэцэрлэгийн нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын дүн 2016-2017 оны хичээлийн жилд СӨБ-ын байгууллагад 33864 хүүхэд, бага дунд сургуульд 31752 сурагчийн төрөөс зарцуулсан хувьсах зардлын дүн дунджаар зөвхөн нэг жилд 10 гаруй тэрбум төгрөг зарцуулжээ. Түүнчлэн гадаадын зээлийн хүрээнд хэрэгжих төсөл арга хэмжээний гүйцэтгэлийг зориудаар нэмэгдүүлэн түүнийг нь холбогдох этгээдээр төлүүлэхийн оронд төсвөөс татвар төлөгчдийн мөнгөөр төлж байна. Энэ он гэхэд л 265.0 тэрбум зарцуулжээ. Дээр дурьдсан гурван зардлын жишээг үзэхэд л дүн нэг их наяд гаруй төгрөг байх жишээтэй. Энэ бол 45000 багшийн цалинг 60 гаруй хувиар нэмэгдүүлэхэд хангалттай мөнгө юм. Багшийн цалин нэмүүлэх асуудалд манай холбоо болон бидэнтэй санал нэг буй олон аав ээж зорилгодоо хүртэл тууштай дэмжинэ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна” гэлээ. Монголын багш нарын анхдугаар онц их хурлын оролцогчид үргэлжлүүлэн 15:00 цагаас “Багшдаа тусалъя” эцэг эхчүүдийн холбооноос Сүхбаатарын талбайд зохион байгуулсан чимээгүй суултад оролцсон. Энэ үеэр тус холбооны дэд тэргүүн С.Ононбаяр: “Багшдаа тусалъя эцэг эхчүүдийн холбооны зохицуулагчид 21 аймаг, 9 дүүрэгт ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар 5000 гаруй эцэг, эх бидэнтэй нэгдсэн. Эцэг эхчүүд багш нарын дэмжиж дуу хоолойгоо нэгтгэж байна. Учир нь манай улсын боловсролын салбар хоёр өөр түвшинд очсон. Жишээлбэл, “International school of Ulaanbaatar” нэртэй хувийн сургуулийн жилийн төлбөр 30 орчим сая төгрөг. Гэтэл тэр сургуульд нэг айлын гурван хүүхэд нийт 90 орчим сая төгрөг төлж сурч байна. Харин улсын сургуулийн багш нарын гар дээр авдаг цалин нь хэд билээ. Тийм байтал төрөөс ийм өндөр төлбөртэй хувийн сургуулиудад хувьсах зардал өгөх хэрэг байна уу. Төрөөс хувийн сургуулийн хувьсах зардлыг болиулах хэрэгтэй. Мөн дэд сайдуудыг танах, уул уурхайгаас орж ирэх мөнгөний багахан хувийг боловсролын салбарт төвлөрүүлэх зэргээр багш нарын цалинг нэмэх боломж бий” гэв.
Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооны Ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа: “Багш нар цалинг 1.6 сая төгрөг болгож нэмтэл бид тэмцлээ зогсоохгүй. Өнөөдөр 200 ам.долларын цалинтай багш нар орон сууцны зээлд хамрагдах гэтэл шаардлагыг нь хангаж чадахгүй байна. Азаар хамрагдсан нэг нь ипотекийн зээлийн эргэн төлөлтөө хийж чадахгүй, авсан орон сууцаа хураалгах хэмжээнд очсон. Шинэ Ерөнхий сайд багш нарын цалинг нэмэх боломжгүй гэлээ. Ажлаа хийж чадахгүй бол огцрох хэрэгтэй. Багш нар тэмцлээ улам хүчтэй өрнүүлнэ. Эцэг, эхчүүд биднийг дэмжиж байгаа” гэв. Мөн “Хичээл зааж буй багш нар суух эрхгүй байдаг. Тиймээс бид хичээлийн нэг цаг буюу 40 минут Төрийн ордны зүг чимээгүй шаардлага тавина” гэлээ.
Тэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд цалин нэмэгдүүлэх шаардпага ахин хүргүүлэхээр боллоо. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол 10-р сарын 20-ноос багш нар хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдэв.
Нүүр хуудас Нийгэм “International school of Ulaanbaatar” гэх хувийн сургуулийн жилийн төлбөр 30 орчим сая...