Өнгөрөгч сард 29-р тусгай дунд сургуулийн сурагчид хичээл хаялт зарласнаас хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийнхэн дуу дуугаа авалцан жагсаал зохион байгуулж буй. Өнгөрөгч сарын 24-нд харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн асуудлаар “Хараагүйчүүдийн үндэсний холбоо”-ны Ерөнхийлөгч Д.Гэрэл нар хэвлэлийн бага хурал хийж, Төрийн ордны гадаа тайван жагсаал зохион байгуулсан. Тэгвэл энэ сарын 9-нд хүнд хэлбэрийн тархины саажилт, дауны хам шинж болон давхар согогтой хүүхдүүдийн сувиллын цэцэрлэг яслийн багачуудын эцэг эхчүүд жагсаал зохион байгуулсан юм.
Нийслэлд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хоёр гуравхан цэцэрлэг үйл ажиллагаа явуулдагийн нэг нь 10 дугаар цэцэрлэг. Харамсалтай нь 2013 оны дөрөвдүгээр сард цэцэрлэгийн барилгыг акталж, суурин дээр нь шинэ цэцэрлэг барихаар болсон боловч уг асуудал шийдэгдэлгүй дөрвөн жилийн нүүр үзжээ.
Өнгөрсөн хугацаанд “Өнөр бүл” асрамжийн төвийн цэцэрлэгийн дөрвөн өрөөнд үйл ажиллагаа явуулж байсан нь цаг тутам асаргаа сувилгаа, эмчилгээ шаардлагатай байдаг хүүхдүүдийн хувьд 120 хүүхэд хүмүүждэг цэцэрлэгийн хувьд дэндүү давчуу байгаа талаар эцэг эхчүүд нь удаа дараа холбогдох яам, байгууллагад хандсан боловч дорвитой арга хэмжээ авахгүй өдийг хүргэсэн аж.
Харин өчигдөр БСШУС-ын сайдын тушаал гарч, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын барилгын ажлыг яаралтай эхлүүлэхээр болжээ.
Түүнчлэн эл тушаалд 29 дүгээр тусгай сургуулийн асуудлыг ч багтааж, сурах бичиг, номоо өөрсдөө худалдан авах боломж бүрдүүлэх, бэлтгэл бүлэг хичээллүүлэх зэрэг нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай хэд хэдэн асуудлыг тусгажээ.