Нүүр хуудас Нийгэм 23 жил дандаа л айдас түгшүүртэй амьдарсан одоо маш их санаа амраад...

23 жил дандаа л айдас түгшүүртэй амьдарсан одоо маш их санаа амраад байна.

315
0

Хорих ангид ял эдэлж байсан Т нь Баян-Өлгий аймгийн харьяат. 1993 онд Эрүүгийн хуулийн 126 дугаар зүйлийн 126.4 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж гурван жилийн хорих ялаар шийтгүүлээд  Баян-Өлгий аймаг дахь Хорих ангид ял эдэлж байх хугацаандаа 1993 оны аравдугаар сард оргож Казахстан улс руу зугтжээ. Араасаа эрэл хайгуул хийлгэхгүйн тулд өөрийгөө нас барсан гэж хуулийн байгууллагынхан болон эргэн тойрны хүмүүст өөрийгөө нас барсан гэх хуурамч баримт, бичиг бүрдүүлж бусдаар дамжуулан хуулийн байгууллагад хүргүүлжээ. Түүний санаснаар болж, 2009 онд аймгийн Прокурорын газраас оргодол Т-д холбогдох хэргийг нас барсан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон” гэнэ. Гэхдээ энэ хуурамч бичиг баримтыг өөрөө бүрдүүлсэн үү, оргодол олдохгүй байсны улмаас хуулийн хугацаанд Прокурорын байгууллага энэ хэргийг хаасан уу гэдгийг одоогоор шалгаж байна. Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран ажилласны үр дүнд нас барсан гэх оргодол Т-г тус аймгийн нутаг дэвсгэрээс энэ оны зургадугаар сард буюу 23 жилийн дараа илрүүлжээ. Оргодол Т-д холбогдох хэргийг сэргээн шалгуулахаар Прокурорын байгууллагад шилжүүлээд байна.                                                             23 жилийн дараа эх орондоо ирсэн иргэн Т-тэй уулзахад: -Би 1993 онд Тува улсаас мал хулгайлсан хэргээр гурван жилийн хорих ял аваад, хоригдож байхдаа Казахстан улсын хилийг хууль бусаар давж оргосон юм. Маш харамсалтайгаар өөрийнхөө амьдралыг би өөрөө л бусниулсан. Залуус минь миний алдааг битгий давтаасай гэж хэлмээр байна. Үнэндээ бол Тувагаас манай малыг хулгай хийсэн юм. Малынхаа араас яваад, буцахдаа цөөнгүй мал авчирч нутгийнхаа иргэдэд тараасан. Үүнээс болж малын хулгайн хэргээр гурван жилийн ял сонсоод дөрвөн сар эдэлж байхдаа оргосон юм. Оргодол хүн яахав орох оронгүй. Тэнд очоод удаа ч үгүй машины осолд орж хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн. Хөл дээрээ босохтойгоо болж хар зах дээр тэрэг түрдэг байлаа. Ингээд “Монголоос ирсэн хүнийг малчнаар авна” гэсэн зар харж, зарын дагуу нэг айлд очоод 170 адуутай айлыг 1700 адуутай болтол мал хариулсан даа. Эмнэлэгт хэвтэх, малчин болох бүртээ бичиг баримтаа хаясан гэсэн шалтгаан л хэлж аргалж байлаа. Гэхдээ дотроо бол өдөр бүр хэзээ намайг хуулийн байгууллагаас ирж баривчлах бол доо гэсэн айдастай амьдарсан. Хэрэг хуучирдаггүй гэдэг үгийг би яс махандаа тултал ойлгосон. Хорих ангиас оргоод хүний нутагт 23 жил болно гэдэг амар амьдрал биш. Эх орондоо харих юмсан гэж өдөр бүр бодож байгаад ирлээ. Миний охин нэг настай байсан. Намайг шоронд орохоор манай эхнэр охиноо ээж аавд минь өгөөд хүнтэй суусан байсан. Ээж минь 96 настай хөгшин байгаа. Аав минь намайг энд ирэхээс цөөхөн сарын өмнө нас барсан байсан. Аав, ээж хоёр минь намайг аль хэдийн нас барсан гэж бодоод хойноос минь буян хийж байсан юм билээ. Ирэхэд охин минь хоёр хүүтэй болчихсон байна. Миний охин, ээж хоёр намайг хараад хамгийн их баярласан даа. Тэднийгээ энэ олон жил зовоосондоо дахин дахин гэмшиж байна. Би өвөө нь юм чинь зээ маань намайг өвөө гэж дуудалгүй яахав. Сая зээ хүү маань надтай хамт байж байгаад буцсан. Охин хүргэн хоёр маань сайхан ажиллаж амьдарч байна. Олон жил сураггүй болж эднийгээ зовоосондоо харамсч байна. Гурван жилийн ялаа эдэлчихгүй, 23 жил гэрийнхнийгээ зовоож, ээж аавыгаа гомдоож, өөрийгөө тарчлаасандаа ах нь үнэхээр харамсаж байна даа. Би өнгөрсөн жил Баян-Өлгий аймагтаа ирсэн. Насны эцэст нутаг орноо бараадахаас өөр арга байгаагүй. Байсан айлаасаа бүтэн жил гуйж байгаад хэлж хөөцөлдөж, эх орондоо ирлээ. Угаасаа оргохдоо л би бичиг баримтгүй байсан. Би энд ирээд өөрийгөө нас барсан гэсэн бичиг баримт бүрдүүлээд, хэрэг маань хаагдсаныг мэдсэн. Гэхдээ би өөрөө хэргээ хүлээж ирээгүй. Цагдаагийн байгууллагаас намайг шалгаж дуудсан. Тэгээд л би илчлэгдсэн юм. Одоо оргон зайлсан гэсэн шалтгаанаар шалгагдаж байгаа. Миний хэрэг хуулийн дагуу нэг тийшээ шийдэгдэх байх. 27 настайдаа оргосон. Одоо би 53 настай. Насныхаа эцэст цайгаа хувааж уух ханьтай болж, 96 настай ээжийгээ сайхан асарч, аавынхаа буяны ажлыг сайхан хийж, үнэнч шударга ажиллаж амьдарна гэж бодож байна. Нэг үгээр хэлэх юм бол маш их санаа амраад байна. Энэ олон жил дандаа л айдас түгшүүртэй байлаа. Гурван жилийн ялаа эдлээд гараад ирсэн бол аавтайгаа уулзчихсан, ээжийгээ зовоохгүй, гэр бүл өнөр өтгөн, бүтэн байх байлаа. Залуус минь тэвчээр хатуужилтай байгаарай. Хэрэг хуучирна гэж хэзээ ч байхгүй. Тиймээс миний алдааг хэн ч бүү давтаасай гэж бодож байна. гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here