ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар төрийн дээд одон Алтан гадасаар шагнахаар болжээ. Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу өнөөдөр ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг “Алтангадас одон”-гоор шагнасан байна.
Тэднээс гадна Алтан гадас одонд ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу, БНХАУ-ын иргэн, дуучин Тэнгэр нарыг тодорхойлсон ч, хүндэтгэх шалтгааны улмаас ирж амжаагүй гэнэ. ОХУ-д төр, засгийн өндөр албан тушаалтан гадаадын төр, засгаас шагнал хүртэхдээ дээд байгууллагаасаа зөвшөөрөл авдаг ёс байдаг юм байна. Харин энэ зөвшөөрөл ирсний дараа Сергей Шойгуд одонг нь гардуулна гэдгээ албаныхан мэдээллээ.
Гадаадын улс орны дээрх эрхмүүдийг үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, эрдэм шинжилгээний салбартаа Монгол Улсыг сурталчилж, ажил амьдралаа зориулж явааг нь төрөөс үнэлж ийнхүү шагнаж байна.