Нүүр хуудас Соёл урлаг Гэрэл зурагчин Б.Намуун: Хотын амьдрал, хүмүүсийн хөрөг зураг авах дуртай

Гэрэл зурагчин Б.Намуун: Хотын амьдрал, хүмүүсийн хөрөг зураг авах дуртай

601
0
namuun-gerel zuragchin
Би тухайн агшин, дахин олдохгүй тэр цаг мөчийг буулгах дуртай. Тэр л миний онцлог байх
~Хотын амьдрал, хүмүүсийн хөрөг зураг авах дуртай~

Монгол Швейцар хоёр улсын урлаг соёлын солилцоог хөгжүүлэх, манай залуу уран бүтээлчдийг дэмжих зорилгоор өөрийн нэрэмжит шагналыг санаачилсан байна.

Уг хөтөлбөрт Монголын 22 уран бүтээлч бүтээлээ ирүүлсэн бөгөөд тэдний дундаас залуу уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Намуун шалгарч, шагналаа гардан авлаа.

Тэрбээр Швейцарын Женев хотын Урлаг соёлын сургуульд гурван сар тэтгэлгээр суралцах эрхээр шагнуулсан байна. Уг хөтөлбөрийн ялагч гэрэл зурагчин, уран бүтээлч Б.Намуунтай ярилцлаа.

-Уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Батбилэгийн Намуун гэдэг. 23 настай. 2015 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийн уран зургийн ангийг төгссөн. Зураач мэргэжилтэй. 2016 онд Риогийн олимпийн анхны “OiR-Rio” үзэсгэлэнгээ гаргасан. Хоёр дахь соло үзэсгэлэнгээ Дуурь бүжгийн эрдмийн театрт гаргаж байлаа. “Хязгаараас ангид” төслийн бүжгийн бүх зурагнуудыг авч, тэр бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргасан. Мөн Болгарын нийслэл Софи хотод Азийн фестивальд оролцоод Монголын асарт Монголын тухай өөрийн үзэсгэлэнгээ гаргаад, эх орноо сурталчилж байлаа.

-Гэрэл зургийг хэзээнээс сонирхож эхэлсэн бэ?

-Дүрслэх урлагийн сургуульд 2011 онд элсэж орсон. Тухайн үедээ гэрэл зураг сонирхдог байсан ч зураг авдаггүй байлаа. 2016 онд гаргасан үзэсгэлэн маань надад их урам өгч, миний дуртай зүйл гэдгийг мэдрээд, бас авьяас надад байгаа юм байна гэж бодож урамшсан юм. Мэргэжлийн хүмүүс, кураторууд, урлагт дуртай хүмүүс надтай ярилцаж, тэр бүгд надад маш гоё мэдрэмжийг өгсөн учраас би гэрэл зураг авъя гэж шийдсэн. Дээр нь би уран зургийн мэргэжилтэй учраас хоёуланг нь хослуулсан холимог ажиллагаатай бүтээл хийж үзье гэсэн бодол байна.

-Швейцарийн Элчин сайдын нэрэмжит шагналыг хүртлээ. Ямар шалгуураар уг уралдаанаас шалгарсан бэ?

-Гэрэл зураг, уран зураг, инстоляци, баримал гэх мэтчилэн олон төрөл байснаас би гэрэл зургаар оролцсон. Уран бүтээлчдийн дунд хэд хэдэн шалгуур явуулсан. Намтраа илгээж, эссе бичиж, шилдэг 10 бүтээлээ явуулсан. Таван удаагийн ярилцлаганд орж, нэлээн өндөр шалгуурыг давлаа.

-Бүтээлүүдийнхээ онцлогийг танилцуулахгүй юу?

-Би 2016 онд өөрийн бие даасан үзэсгэлэнгээ гаргасан. Энэ бол Зуны Олимпийн XXXI наадамд зориулсан үзэсгэлэн байсан. Бразилаар аялж, тухайн үеийнхээ хэдэн зурагнаас оруулсан. Хамгийн сүүлд балетын зургууд авсан юм. Учир нь ээж маань балетын бүжигчин байсан. Багаасаа театрт өссөн учраас балетчид, тайзны арын амьдралыг мэддэг байсан учраас энэ нь надад нөлөөлж, бүжгийн хөдөлгөөний агшинг оруулсан бүтээлүүдээ багтаасан.

-Швейцарьт тэтгэлгээр суралцах эрхээр шагнууллаа. Сэтгэгдэл ямар байна вэ?

-Женевийн урлаг соёлын сургуульд суралцахаар болсондоо их баяртай байна. Есдүгээр сард яваад арванхоёрдугаар сард буцаад ирнэ.

namuun_gerel_zuragchin
Гэрэл зурагчин Б.Намуун

Уралдаанд ихэвчлэн Бразилд байсан үеийнхээ зургуудыг явуулсан. Хотын амьдрал, хүмүүсийн хөрөг зураг авах дуртай. Бразилийн нийслэл Бразилиа хотын төлөвлөлт их гайхалтай. Гол барилгууд нь ЮНЕСКО-д бүртгэлтэй байдаг. Хотын шөнийн зургууд, уугуул иргэдийн амьдралыг гаргасан аж ахуйн сэдэвтэй бүтээлүүд, бүжгийн хөдөлгөөний зургуудаа явуулсан. Дээр нь би өөрийн веб сайтаа өгсөн байсан учраас тэндээс миний зургуудыг үзэх боломжтой байсан юм.

~Их хотын амьдрал, хүмүүсийн хөрөг зураг авах дуртай~

-Фото зурагчид тавилттай зураг, санаандгүй агшин, хөрөг зураг гээд янз бүрийн онцлогтой зургууд авдаг. Харин Б.Намуун ямар хэв маягаар авах дуртай вэ?

-Би тухайн агшин, дахин олдохгүй тэр цаг мөчийг буулгах дуртай. Тэр л миний онцлог байх. Маш гоё найруулгатайгаар кино хийж байгаа юм шиг зураг авдаг уран бүтээлчид байдаг. Мөн би хөрөг зураг сонирхдог. Гэхдээ залуу хүн хөрөг авна гэдэг туршлагатай зурагчдаас шүүмж их авдаг. Хөрөг зураг гэдэг тухайн хүний дотоод хүнийг гаргаж ирдэг. Гэхдээ би эмээхгүй. Бүх л юмыг хүн эхнээс нь хийж байж л сурдаг шүү дээ. Бас хотын амьдралын зураг, бүжгийн хөдөлгөөний зурагт үнэхээр их автсан. Бүжгийн хөдөлгөөн, бүжигчний тухайн үед гаргаж байгаа сэтгэл хөдлөл дахин давтагдашгүй.

-Баярлалаа. Амжилт хүсье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here