Зохиолч Г.Аюурзана,
“Байсхийгээд л давтдаг, улиг болсон нөгөө санаагаа энэ өдөр ахин хэлье.
Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг анх 1962 оны 5-р сарын 31-нд дүйцүүлэн 800 насны нь ойг тэмдэглэсэн түүхтэй. Саяхан буюу 2002 оны 5-р сарын 3-нд дүйцүүлэн 840 насны ойг нь тэмдэглэснийг ч зарим хүн санадаг л байх. Эзэн богд маань 1162 оны морин жил төрсөн, 1227 оны гахай жил тэнгэрт хальсан, монгол тооллоороо бол 66 нас сүүдэр зооглосон гэдэг нь эргэлзээгүй батлагдсан. Харин төрсөн өдөр нь л мадагтай хэвээр байна.
Цэндийн Дамдинсүрэн абугай “Нууц товчооны монгол бичгийн эх” гэж тодорхойлсон “Лу. Алтан товч” судар тэргүүтэн олон чухаг эх сурвалж “Зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэлд мэндэлсэн” гэж заадаг, түүнчлэн алтан ургийн аугаа сударч Инжаннаш өдий төдий судар бичиг харгуулан үзээд “Хөх судар”-таа их эзний мэндэлсэн өдрийг зуны тэргүүн сарын 16 хэмээн тогтоосноо зарлаж, үүнд ямарваа эндүүрэл самуурал үгүй хэмээн баталсан билээ. Гэтэл бүр хожмын, XIX зууны “Болор толь”, “Сувд эрих” хэмээх хоёр гар бичмэлд түшиглэн, өвлийн тэргүүн сарын шинийн 1-нийг “Чингис хааны төрсөн өдөр” хэмээн сүүлийн хэдэн жил зарлан тэмдэглэдэг болчихоод байна.
Өвлийн эхээр төрснийг хоёр зүйлээр батлав гэлцдэгийн нэг нь булган өлгий. Монголчууд халуун зун төрсөн хүүхдээ ч хонины нэхийд өлгийдөж авдаг заншилтай. Үнэт бэлэг бол улирлын чанартай зүйл огт биш. Тиймээс булган өлгий өргөсөн төдийхөнд тулгуурлан “зун төрөөгүй ажээ” гэж өнгөц дүгнэх нь утгагүй хэрэг. Энэ санаа “Тэнгэрийн судар” номд минь ч бий. Өвлийн эхээр төрснийг хоёр зүйлээр батлав гэлцдэгийн нөгөө нь татааруудтай аян дайн хийсэн явдал, хавар байлддаггүй хэмээх үлгэр. Гэвч монголчууд зонхилон хавар, мал ногоонд цадмагц л дайнд морддог жишээ “Нууц товчоон”-оор дүүрэн бөгөөд намрын хайлган цагаар адуу малаа ширүүхэн ч хөөдөггүй малчид маань эл учрыг андахгүй.
Тэгэхээр Чингис хааныхаа төрсөн өдрийг жинхэнээр нь, эртнээс онцгойлон тахиж ирсэн зуны тэргүүн сарын улаан тэргэлдээ л тэмдэглэж баймаар юмсан” хэмээжээ.