“Fantastic production”-ий жүжигчин, уран бүтээлч Батболдын Барслхагватай нээлтээ хийгээд удаагүй байгаа “Зүрхний хилэн” уран сайхны кинонд Манжийн амбан Фүн Жоугийн дүрийг чадварлаг бүтээж, үзэгчид түүнийг дүрийнх нь хувьд багагүй үзэн ядахад хүрсэн билээ.
Зураг авалтын туршид түүний баруун гар хугархай байсан нь хамгийн хүнд даваа байжээ. “Зүрхний хилэн” киног үзсэн хүмүүс түүнийг “хятад цустай байх” хэмээн “үзэн ядахад” ч хүрсэн байна.
-Таны “Fantastic production”-д ажиллаж эхэлснээс яриагаа эхэлье?
-Манай “Fantastic production” анх 2008 онд байгуулагдаж байсан. Байгуулагдсан цагаасаа эхлэн маш олон уран бүтээл хийж ирлээ. Би анх хувиараа С1 телевизэд оюутан байхаасаа эхлэн ажиллаж байсан. Тэндээ хөтлөгчөөр нийтдээ долоон жил ажилласан. “Fantastic production” хамгийн анх “Аз жаргалын шок” гэх уран сайхны кино хийсэн. Тэр кинонд Б.Тамир найруулагч “Чамд нэг гоё дүр байгаа шүү” гэж хэлж санал болгоод хамтран ажиллаж байсан. Хамгийн анх би хүүхэд байхаасаа Хүүхдийн ордны драмын дугуйланд явж, МҮОНТ-ийн зохиомжид тоглож эхэлсэн. “Fantastic production” анхны уран бүтээл “Амингоо”, “Дурсамжид төгсгөл үгүй” гэх хоёр кино хийж байсан. “Амингоо” бол богино хэмжээний кино байсан. Харин “Дурсамжид төгсгөл үгүй” Эрдэнэт үйлдвэрийн тухай кино байсан.
-Танай хамт олны бүтээсэн “Маш нууц”, “Зүрхний хилэн” кинонууд үзэгчдийг байлдан дагууллаа. “Зүрхний хилэн” түүхэн уран сайхны киногоороо шилдэг киноны шагнал хүртсэнд баяр хүргэе?
-Маш их баярлалаа. Манай кино Улаанбаатар кино наадмын ес дэх удаагийн наадмаар “Fantastic production” анх удаа кино наадамд оролцож, анх удаагаа түүхэн киноны төрөлд шилдгээр шалгарсан. Энэ шагнал бидний хувьд маш их урам зориг болсон. “Зүрхний хилэн” уран сайхны киноны зураг авалт өнгөрсөн оны 12-р сард эхэлсэн. Өвөлжин, хаваржин зураг авалт үргэлжилж, зун долоон сард дууссан. Бид зураг авалтаа эхлэхдээ эвлүүлгийн баг давхар эвлүүлэгтээ ороод явсан. Ийм учраас удаан хугацааны зураг авалтыг түргэн хугацаанд шийдэж чадсан юм. Манай зураг авалт олон газарт авагдсан. Сэлэнгэ аймаг, Хөвсгөл, Булган, Архангай, Баянхонгор, Дундговь, Өмнөговь, Өвөрхангай гэх газруудаар зураг авалт зун болон өвөл цасан дунд, говийн элсэн дунд, ой модон дунд, морьтой, морьгүй, усан дотор, хадан хавцал дээр гэх мэт олон төрөлтэй байлаа. Ер нь түүхэн кино хийх маш их хэцүү ажил байдаг юм билээ.
-Хэцүү санагдаж байв уу? -Тийм ээ. Ер нь ийм хэцүү байдаг гэж бодоогүй.
-“Зүрхний хилэн” түүхэн кинонд Манжийн амбаны дүр бүтээсэн тань олон хүний уур эгдүүцлийг төрүүлсэн ажиглагдсан. Манжийн өндөр дээд хэргэм зэрэгтэй хүний дүр бүтээх ямар байв. Дүрээ хэр судалсан бэ?
-Зүрхний хилэн кинонд гарч байгаа Улиастайд ирж амбан болж байгаа Фүн Жоу жанжин бол түүхэн дүр биш уран сайхны дүр юм. Энэ дүр маань өөрөө маш дээр үеийн хүн болж таарч байгаа. Мөн гадаад хүн, Манжийн өндөр дээд язгууртан хүн учраас бүх талаараа надаас өөр болж таарсан. Дүрээ авсны дараа яг Манж хүн гэж ямар хүн бэ гэдгээс бодож эхэлсэн л дээ. Манж хүн бол монгол ч хүн биш, хятад хүн ч биш энэ хоёроос шал өөр байх ёстой гэж бодсон. Би дүрээ судлахын тулд Чин улсын үетэй холбоотой ном, баримтат кино, уран сайхны кино, түүхэн сурвалж бичгүүд гэх мэтчилэн маш их зүйл уншиж судалсан. 1860-аад оны дунд үе гэхээр манжууд өөрсдөө хятаджсан байсан үе. Хэлээ бараг алдах шахуу болчихсон. Өөрсдийн соёлоо алдах шахсан үеийн хүн байсан. Миний бодлоор тэр Манж жанжин их үндсэрхэг үзэлтэй хүн гэж ойлгосон. Эх оронч үзэлтэй байхаас өөр аргагүй л дээ. Яагаад гэхээр Чин улсын үед Манжууд өөрсдийгөө тэнгэр язгуурт, өөрсдөөсөө бусдыг хүн биш гэж тооцдог. Хятад болон монгол хүнийг алчихаад өчүүхэн ч гэсэн юм боддоггүй, тоодоогүй байсан үе юм. Өөрсдийгөө тэнгэр язгуурт гэж боддог их дээрээс харьцдаг.
-Тэр нь яаж илэрдэг байж вэ?
-Монгол ноёд Манжийн хааны ордонд орж бараалхахдаа үйлдэх ёстой журам байсан байгаа юм. Тэрэн дээрээ “Их эзэн дээд хааны их өргөөнд орж ирсэн монгол хүмүүн гүн хүндэтгэлтэйгээр хоёр өвдөг сөгдөн сууж, эзэн хааны өсгийнөөс дээш харц явуулалгүй гүн хүндэтгэлтэйгээр есөнтэй мөргөнө” гэсэн байгаа юм. Эзэн хаанд нь монгол тайжууд маань тэгж мөргөж байна гэдэг чинь Манж Чин улсын үеийн нийгмийн хандлага, манж хүний бодол монголчуудад хэрхэн хандаж байсан тухай өгүүлж байгаа юм. Манжуудын хувьд өөрсдөөс нь өөр хүн хүн биш байсан. Харин манжууд яагаад монголчуудтай наалдаад байсан бэ гэхээр өөрсдөө Зүрчид угсааны нүүдэлчин угсаатай хүмүүс байсан. Тэдэнд улс нь их хүчтэй болсон учраас шинэ агуу түүх хэрэгтэй. Тэгэхээр Чингис хааны угсааны гүнж, хүмүүсийг авчирч өөрсдөө ураг барилдаж суугаад бид Чингисийн удам гэж хэлээд суудаг болсон байгаа юм.
-Манж жанжны дүр бүтээхэд тийм амар байгаагүй болов уу?
-Би киноныхоо туршид шал өөр хэлээр ярих хэрэгтэй болсон. Ер нь надад маш хэцүү байсан. Гэхдээ кино найруулагч, хамтран ажилласан уран бүтээлчид, өөрийн уншиж судалсан зүйлсийн тусламжтайгаар бүтээсэн. Мөн зөвлөхүүд болон МУИС-ийн профессор Баярсайхан ах маань их тус болсон. Хэл судлаач учраас хэл найруулга болон орчуулга бүгдийг хийж өгсөн. Ер нь Монголын Манж судлал дэлхийд нилээн дээгүүрт ордог юм билээ. Яагаад гэхээр манайх чинь яалт ч үгүй Манж улстай түүхээрээ холбогддог. Мөн МУИС-ийн Түүхийн хүрээлэнгийн профессор Цэрэндорж ах маань их тус болсон.
-Хэлэх үгээ цээжлэхэд хэр хугацаа зарцуулсан бэ?
-Нийтдээ хоёр сар зарцуулсан. Зохиолынхоо текстүүдийг Баярсайхан ахаар орчуулуулж анх авч хараад “Энэ одоо юу вэ, яана аа” гэж бодсон. Уншихад түг таг гэсэн аймаар хэцүү үгүүдтэй байсан. Манж хэлний чинь 40 хувь монгол хэл байдаг. Харин монгол хэлэнд манж хэдэн үг байдаг нь тодорхой бус юм билээ. Үгээ уншаад эхлэхээр эртний монгол бичгийн аялгаараа бичигдсэн байсан. Мөн 100 жилийн өмнөх Манж хоёр хүн хоорондоо ярилцаж байгаа аудио бичлэг байсныг надад Баярсайхан ах сонсгосон юм. Тэгсэн яг л казак ч юм шиг, турк ч юм шиг, бидний тонгоруулж ярьдаг шиг маш их хүнд сонсогдож байсан. Гэхдээ надад нэг дэм болсон зүйл бол манж хэл маань өөрөө Алтайн язгуурын хэл юм билээ. Тэгэхээр өгүүлбэр зүй систем нь монгол хэлтэй ижилхэн байсан нь амар байсан. Мөн дээрээс нь Манжаар “би” гэхийг “би” гэнэ. Бас “чи” гэхийг “си” гэнэ. “Чиний” гэхийг “сэний” гэдэг болохоор удаан судлаад ирэхээр боломжийн байсан. Хамгийн хэцүү нь хэл жүжигчний тоглолт хоёроо нийлүүлэх. Их цаг зарцуулсан ажил тэр л байсан даа.
-Та Манж амбаны дүрийг бүтээхдээ дүр байдал болон хэрцгий харцыг илүү гаргаж өгөхийг хичээж ажилласан чинь харагдаж байсан?
-Тийм. Миний бодлоор жүжигчний мэргэжилд дүрийг амилуулах гэж боддог. Бид чинь юуны тулд жүжигчин хүмүүс билээ. Мэдээж энэ дүр хэдийгээр миний биеэр дамжуулан гарч байгаа хэдий ч тэр дүрд миний шинж чанар тодорхой хэмжээгээр байж л таараа. Барсаа гэх хүн өөр хүний дүрд хувирч тоглож байгаа ч жүжигчин хүн шал өөр хүнийг өөрийн биеэр дамжуулж үзэгчдэд хүргэж чадаж байгаа нь гол нь шүү дээ. Ер нь хүн бүхэнд өөрийн гэсэн ухаан, тэнэглэл, уур бухимдал, гутранги болон өөдрөг үзэл зэрэг чанарууд аль аль нь байдаг учраас энэхүү дүрд ямар нэгэн хэмжээгээр миний зан чанар байж л байгаа. Энэ дүр дээр харцны хувьд голчилж ажиллаагүй. Ерөнхий дүрээ ойлгож, их зантай ихэрхсэн байх ёстой гэж тоглосон. Хүн болгоныг өөрийн боол шиг харж тоглохыг хичээсэн. Боол гэж тухайн үед хүн биш байсан шүү дээ. Одоогоор бол үнэтэй гар утаснаас ч дор байсан. Яагаад боол мэт хараад байсан гэхээр Чин улсыг байгуулсан Манжийн анхны хаан Зүрчидүүдийн үеийн 13-р зууны Алтан улсыг монголчууд үгүй хийсэн. Тэгээд манайхан очиж эзэнт гүрнийг нь эзлээд, зүрчидүүдийг дарж өөрсөддөө элсүүлж, манжуудыг 400 гаруй жил дарласан байгаа юм. Эргээд зүрчидүүд хүчирхэгжээд монголчуудаас хариугаа авсан л хэрэг юм.
-Манж хүн болон монгол хүн хоёрын хоорондын ялгааг гаргахад хувь хүний зөрчил их байсан болов уу. Юуг голчлон үзэгчдэд хүргэх санаа юу байв?
–Зохиол дээр бичигдсэн санааг манай киног үзсэн үзэгчид янз бүрээр л ярьж байсан. Одоогийн нийгмийг энэ зохиол дээр гаргасан байна, Монголын дайсан бол монголчууд юм гэж хэлж байсан. Мөн гадны харгис түрэмгий үзэл суртлын эсрэг хүмүүс нэгдэж чадах юм бол юуг ч давж чадах юм байна гэж хэлж байна лээ. Аль аль нь л энэ кинонд багтсан байгаа.
-Эсрэг дүр бүтээнэ гэдэг таны бодлоор?
-Киноны эсрэг дүр бол тухайн киноны гол баатруудын дүрийг үнэ цэнэтэй болгодог. Эсрэг дүр хүчгүй, муу байх юм бол гол дүрүүд хэдий сайн байсан ч гэсэн үнэ цэнэгүй болдог. Яг үүнийг л би бодож байсан. Угаасаа манай “Зүрхний хилэн” киноны шилийн сайн эрсийн дүр өөр өөрсдийн гэсэн утга санаа, зохиолтой, өөр өөрсдийн үйл явдал мөн чанарын төлөө яваа дүрүүд. Эдгээр дүрүүдийн үйл явдлыг зогсоох, дарах үйл явдал бол нөгөө талын Манжийн амбан Фүн Жоу юм. Тэгэхээр энэ амбаны дүр чинь эцсийн бүлэгтээ зөвхөн тэр сайн эрсийг зогсоох биш болж байгаа юм. Ерөөсөө монголчуудын хэлэх санаа тэмцлийг, монголчуудын үзэл бодол, угсаа гарал, хүмүүсийг тэр чигт нь нугачин дарах гэж байгаа хэлбэрийг харуулж байгаа юм.
-Дүрийн хувьд алдаатай болон арай сул гаргасандаа гэсэн хэсэг байсан болов уу?
-Байлгүй яах вэ. Кино гарсны дараа өөрийгөө дэлгэцнээс хараад энэ дээр ингэдэг байж, тэр санаагаа дутуу гаргасан гэх мэтчилэн алдаатай, засах зүйл олон байсан. Уран сайхны киноны хэцүү тал энэ. Яагаад гэхээр жүжигчнийхээ хувьд эргээд алдаагаа засаж болохгүй зүйл байдаг. Тайзан дээр олон хоног тоглолт хийж, хоног өнгөрөх тусам алдаагаа засаж боломжтой. Гэтэл кинонд тийм зүйл байхгүй. Нэг л удаа тоглоно. Харин тэр үедээ муу байсан бол тэр чигтээ тэр дүртэйгээ хамт муу л байна. Кино уран бүтээл маш урт настай уран бүтээл учраас нэг алдаа гаргавал тэр чигтээ үлдэнэ гэсэн үг. Хөдөлгөөн болон хэллэг дээрээ өөрийгөө голох, ичих зүйл гарсан.
-“Зүрхний хилэн” киног үзсэн үзэгчдийн ихэнх нь таныг үзэн ядаж байгаа харагдсан. Энэ хандлага таньд ямар санагдаж байна вэ?
-Би дотроо их баяртай байгаа. Үзэгчид миний тухай ярьж байна. Миний тоглосон кино болон дүрийн тухай ярьж байна гэдэг чинь уран бүтээлч хүний хувьд сайхан санагдаж байна. Өчигдөр нэг сонин юм болсон. Сонирхуулвал, гадуур явж байтал гурван согтуу эр нөгөө муу Манж чинь явж байна гээд хэл амаар доромжилж, аргагүй эрхэнд барилцаж авсан. Тэр хүмүүс намайг их үзэн ядаж чамайг таарсан газраа ална аа гэж байна лээ. Би тэрүүхэн үедээ уур хүрч байсан хэдий ч цааш яваад бодсон, инээд хүрсэн. Нээрээ л дургүй нь хүрсэн байна гэж ойлгосон. Дээр үед Дамчаа гуайг гудамжинд явж байхад нь хүүхдүүд чулуу шиддэг байсан гэдэг шиг одоо намайг согтуу хүмүүс зодох дээрээ тулж байна.
-Сошиал орчинд таныг “Энэ хүн угаасаа манж угсаатай байх” гэсэн пост, коммент харагдаж байсан?
-Тийм байсан. Энэнд угаасаа жоохон хольц байгаа байх гэсэн байсан (инээв.сурв). Тэр нь юу гэсэн ч үг юм, би ойлгохгүй л байгаа.
-Үзэгчдэд манж хүний дүрийг үнэхээр сайн ойлгуулж чадсаны илрэл юм болов уу?
-Би энэ дүрийг бүтээхийн тулд маш олон хятад кино үзсэн. Тэр дундаас дуурайсан зүйл байхгүй. Ерөнхийдөө хүнийх нь өмссөн хувцас, цай уух ёс, алхах болон хөдөлгөөнүүдийг нь ажиглаж, сурч авсан. Тэгээд л найруулагчтайгаа ярилцаад тоглосон.
-Үзэгчдээс та бүхний уран бүтээлд ямар дүн тавьж байна вэ?
-Магтаал ч, мөн шүүмжлэл ч хэлж байгаа. Хүндлэл ч байна. Ер нь аль аль нь байна. Гэхдээ бид магтаалд төөрч баярлахгүйгээр, шүүмжлэлд гутарч гунилгүйгээр сайхан тэнцүүлээд явна. Энэ уран бүтээлд мэдээж хэрэг алдаа байгаа. Гэхдээ мэргэжлийн хүмүүс алдаа байгаа гээд хэлж суух ичмээр л дээ. Алдахгүйн тулд л хийх ёстой.
-Одоо “Fantastic production” хичнээн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?
-“Fantastic production”-ий захирал Батсайхан, ерөнхий найруулагч Б.Тамир, жүжигчнээр би, Баяраа, Алтаншагай, Алдар, Ганчу, Одбаяр, Амираа нарын бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна. Мөн бидэнтэй хамтарч ажилладаг түшигтэй олон дүү бий. Тухайлбал, Баярмагнай, Бүрнээ, Мөнхөө гээд нэрлэвэл олон хүн байна.
-Танай хамт олон дараагийн уран бүтээлдээ хэзээнээс орох вэ?
-Манай дараагийн уран бүтээл бол бас нэг сайхан уран бүтээл бий. Тэрхүү уран бүтээлээ задлах болоогүй байна. Гэхдээ төлөвлөгөөндөө ороод ажиллаж байна. Цаасан дээр буусан зохиол маань бүтээл болж үзэгчдэд хүрэх ямар сайхан байдаг гээч. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж шүү. Толгойнд байсан зүйл гараад, бодит болоод явна гэдэг янзтай.
-Бүтээсэн дүрүүдээс тань аль нь илүү хэцүү хүнд байсан бэ?
-Яг тэр энэ гээд оноогоод хэлэх надад хэцүү байна. Яагаад гэхээр бүгдийг л хичээж хийж байгаа. Сэтгэл гаргаагүй дүр гэж байгаагүй. Гэхдээ сайн, эсвэл муу гэсэн шалгуур байгаа. Миний хувьд “Миний ах атман” уран сайхны киноны Цэгц гээд залуугийн дүрийг бүтээх маш том шалгуур байсан. Түүний дараа “Зүрхний хилэн” киноны манж жанжны дүр маш том шалгуур байлаа. Ер нь би энэ Манжийн амбаны дүрийг бусдаасаа арай дээр болсон болов уу гэж бодож байна. Яагаад гэхээр найруулагч маань ч тэр олон хүн, багш нар маань, кино шүүмжлэгч ах, эгч нар маань тэгж хэлж байгаа юм. Тэрнээс биш өөрөө тэр энэ муу сайн гэх их сонин байна. Энэ дүр дээр ажиллах үнэхээр хүнд байсан шүү.
-Өмнө нь танд түүхэн кинонд дүр бүтээх хүсэл байв уу?
-Байсан. Ер нь жүжигчин хүнийхээ хувьд сайн түүхэн дүр бүтээхийг үргэлж хүсэж боддог байсан. Найзууд болон хамт олон, найруулагчийнхаа хүчинд сайхан дүрд тоглолоо. Энэ дүрийг надад итгэж найдаж өгсөн найруулагч болон “Fantastic production”-ыхаа хамт олонд баярлалаа гэж хэлмээр байна.
-Кинонд тоглох үеийн “нууц”-аасаа задлахгүй юу?
-Нэг нууц дэлгэхэд, энэ киноны зураг авалтын турш баруун гар хугархай байсан. Гараа яг зураг авалт эхлэхийн өмнөх өдөр хугалсан. Зураг авалт эхлэхэд гипсээ хөрөөдөж аваад хавдартай, өвчтэй тэр чигтээ тоглосон. Бурхан минь үнэхээр хэцүү байсан. Гар хугарах битгий хэл хумсны арьс сөрөхөөр өвддөг шүү дээ. Хугархай гартайгаа зодолдоод, унаад, энгийн ихэмсэг тоглох маш хүнд даваа байсан.
-Маш их тэвчээр гаргаж тоглосон байна шүү?
-Харин тийм. Энэ талаар хүнд хэлээгүй байгаа. Кинонд тоглоход яг үнэндээ нөгөө дүрээ бодож маш их ажилладаг, маш их стрестдэг. Их ядарна. Хүмүүс кинонд тоглоно гэдгийг их сайхан кайф аваад, хөгжилтэй сайхан байдаг гэж ойлгоод байдаг. Үнэндээ тийм биш. Ялангуяа кино найруулагч арын албаныхан бүх зурганд өглөөнөөс эхлээд шөнө унталгүй ажилладаг. Арын албаныхандаа их мундаг байдаг шүү гэж хэлмээр байна.