Нүүр хуудас Соёл урлаг Жүжигчин О.Амгаланбаатар: “ААВ”-АМБИЙ АХ

Жүжигчин О.Амгаланбаатар: “ААВ”-АМБИЙ АХ

2434
0
Jujigchin Ambii
Жүжигчин О.Амгаланбаатар: "ААВ"-АМБИЙ АХ
2013 онд Содура киноны натурт гараад хэдхэн хонож байтал хошин урлагийн луугаруудын нэг Амбий хэмээх ах арын группыг ахлан ирлээ. Ирсэн өдрөөсөө энэ нөхөр уучихсан юм болов уу гэж андууртал инээд наргиан, дуу хуур хадааж эхэлсэн.
Төд удалгүй Ариунбямба ах, Өөскө ах, Амбий ах бид хэд нэг гэрт ч орж таарлаа. Ийнхүү тэр зуны жаргал зовлонгоо хуваалцсан 60 хоногийн натур эхэлсэн юм. Зуны дэлгэр цагт зурагтай,зураггүй, зугаатай, бас үл ойлголцолтой өдөр юу эс мундах вэ дээ.

Тэр бүхний голд эв зүйг нь олж, инээд хөөр бэлэглэж, дурсамж болон хожим нь санагдах дуу шуутай өдрүүдийг бүтээж байсан хүн нь Амбий ах. Бид гурвыг (Бямба ах, Өөскө ах, би) манай мангар гурван хүүхэд гээд өөрсдийгөө “Хар гэрийнхэн” гэнэ. Харин ар талын бүсгүйчүүдийн гэрийг “Ягааны өргөө” хэмээн өргөмжилнө. Гурван тэнэг хүүгээ Ягааны өргөөнийхөнтэй ураг барилдуулна гэж наргина. Шалтгааныг нь дан эрчүүд болохоор идэж уух юм тэсгээхгүйн дээр энэ хэд маань бөөстөх шахтлаа заваан сууж байна, тиймээс хар гэртээ гэрэл нэмье гэж егөөднө. Бид хэд бэр гуйх гэж дуу шүлэг болон олон орсон ч дурлал, ураг барилдах оролдлого бүр маань бүтэлгүйтсэн.

Натур дээрх олон хүний хоол цуйван, будаатай хуурга, будаатай шөл, гурилтай шөл дөрвийн дунд эргэнэ. Нэг орой би ам түргэдээд “Нэг их сайхан стэйк идэх юмсан” гэтэл “Май миний хүү” гэлээ. Эргээд хартал хоосон таваг өгөөд, араас нь хутга сэрээг нь өгч байна. Тэгээд бид хэд төсөөллөөрөө баахан стэйк хусаж өгсөн. Энэ мэт уйдахгүй байх, одоо хэр нь тод томруун санагдах олон дурсамжийг энэ эрхэм ах л бүтээсэн. Натурт гарсан кино болгон ийм сайхан дурсамжтай үлддэг юм болов уу гэж бодсон үгүй юм билээ. Удахдаа биш ямар хүмүүс байх нь, бүр нарийвчилбал удирдаж залах сүргийн манлай нь хэн байх нь чухлыг хожим ойлгосон. Ойлголцол муутай “дүлий” групп хурдхан харихын түүс болдог бол оргилж буцалсан натурт хоргодож, ирчихээд хоосрох мэдрэмж төрдөг юм билээ.

Хотод ирээд “Миний тэнэг бага хүү хаана байна. Өлсөөд л явж байгаа биздээ” гэж хааяа залгана. Өнөөх төсөөллөөрөө иддэг байсан стэйкээ 19-ын Broadway-д “больёо” гэтэл бодитоор нь хэд хэд цохисондоо. Ах нь өнхрөхөөсөө өмнө хэдэн сайхан кино хийнээ гэж байнга ярина. Эрдэнэ ах, Жаки ах, Сумъяа эгч гээд Содурагийнхантай нэг кино хийх юм байх. Надад тэр кинондоо бас нэг дүр өгчихсөөн. Гэвч тэр хүсэл мөрөөдлөө гүйцээж чадаагүй…

Бүр сүүлд бие тэнхээ нь нэлээн муудчихсан байхад би гэж саваагүй золиг залуустай нударга зөрүүлж, Хан-Уулын цагдаа дээр өнжихдөө арга ядаад залгатал ашгүй нэг юм ирж аван аминд орлоошүү. Над шиг амьдралдаа аав гэж хэлж үзээгүй хүнд натур дээр наргиан болгон дуудаж байсан тэр үг (аав) үнэмшилтэй бас өмөөрөх хүн ирчихсэн болохоор ч тэр үү цаанаа л нэг сэтгэл дүүрэн болчихсон юм шиг санагдаж билээ. Гараад уйлах нь холгүй урвайгаад зогсож байсан чинь “Хорин жил хонь шиг амьдарснаас хоёр жил чоно шиг амьдрана шүү” гэж хэлсэн.
Яг л тэр үгэндээ ханхалзаж, өөрийнхөөрөө амьдарсаар хальсандаа. Хоёрхон жилийн хугацаанд надад ийм нандин дурсамж бүтээсэн юм чинь 20, 30н жил ойр байсан хүмүүстээ хэн ч орлож чадахгүй хэтэрхий том орон зайг онгойтол үлдээгээд өр эмтлэн буцаа бизээ. Гэхдээ амьдарсан шиг амьдарсан хүний орон зай алга болно гэж байдаггүй юм шиг байна.
Гүйцээж чадаагүй мөрөөдлийг нь салбарынх нь хүмүүс тал талд үргэлжлүүлж байгаа нь сайхан юмдаа. Өнөөх ярьсан кино тань “Говийн домог” болон гарах гэж байгаа гэнэ. Та тэнгэрийн орноос таалан тольдоорой.

Өнгөрсөн нэгнээ дурсахдаа манайхан өөгүй хүн байсан юм шиг магтацгаадаг. Түүнд лав тийм хэт уран, хэлбэр төдий магтаал огт зохихгүй. Тэр хүний тухай дүгнэлт хийх эрхтэй хүн нь би биш ч “Алдаатай оноотойгоор амьдрал дундуур туучсан эр хүн шиг эр хүн байсан” гэчихвэл их буруудахгүй байхаа. Тэр бусадтай илүүрхэж, ялгаж харьцдаг энэ цагийн урлагийн зарим томчууд шиг “Би”-ээр өвчлөгч лав байгаагүй. Өглөө сэрэхээ ч мэдэхгүйгээр унтдаг байж өөрийгөө дөвийлгөж, бусдыг доош хийх нээрэн ямар ч хэрэгтэй юм. Амьдрал богинохон шүүдээ!!!
Өнөөдөр Цэвэгсүрэнгийн Батхуяг гэдэг хүн амьд сэрүүн байсан бол 47 нас хүрэх байжээ. Аливааг мартахдаа бид хурдан хүмүүс шүү. Амбий ахыгаа энэ өдөр эргэн дурсмаар санагдлаа. Мартаж болохгүй түүх, мартагдах ёсгүй хүмүүс гэж байдаг шүү дээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here