Нүүр хуудас Соёл урлаг Монголын Урчуудын Эвлэлийг…

Монголын Урчуудын Эвлэлийг…

308
0
Монголын Урчуудын Эвлэлийг...
Монголын Урчуудын Эвлэлийг...
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнав
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлаг үүсэж хөгжсөний 75 жилийн ойг тохиолдуулан Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнав. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд гардууллаа.
Монголын Урчуудын Эвлэлийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 106 жил, Ардчилсан хувьсгалын 28 жилийн ой, Монгол Улсад орчин үеийн дүрслэх урлаг үүсэж хөгжсөний  75 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсад эрх чөлөө, шударга ёсыг бэхжүүлэх, ардчилсан нийгмийг цогцлоон байгуулах, үндэсний онцлог бүхий орчин үеийн дүрслэх урлагийг хөгжүүлж, эх орныхоо түүх, соёл уламжлалыг дэлхий дахинаа сурталчлан таниулах, залуу хойч үедээ дүрслэх урлагаар дамжуулан эх нутаг, түүх, соёл уламжлалаараа бахархах үзлийг төлөвшүүлж, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан Монголын Урчуудын Эвлэлийн үе үеийн ажилтан албан хаагч, зураач, урчуудын авьяас билэг, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж  Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнасугай” гэжээ.

Шагнал гардуулах ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ “Энд цугларсан эрхэм зураач, урчууд, анд нөхөд, уран бүтээлчид, багш нар та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе.

Өнөөдөр та бүхэнтэй Монгол Улсад Урчуудын эвлэл үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойн баярыг хамтдаа тэмдэглэж байгаадаа үнэхээр баяртай байна.

Нэгэн цагт энэхүү байгууллагад харьяалагдаж, ажиллаж, ихийг сурч, залуу насныхаа дурсамжит өдрүүдийг өнгөрөөсний хувьд энд би зориуд хүрэлцэн ирж мэндчилгээ дэвшүүлж байгаа юм. Хүлээн авна уу. Энд олон сайхан найз нөхөд, багш нар, алдар цуутай зураач урчуудыг харж байгаадаа үнэхээр баяртай байна.

Миний мэргэжил бол зураач. Би улс төрд ороод арав гаруй жил болж байна. Миний энэ амжилт бас энэ мэргэжилтэй холбоотой. Зураач хүн, дүрслэх урлагаар дамжсан хүмүүс дөрвөн хананы цаадахыг дүрсэлж боддогоороо арай илүү алхаж явдаг гэдгээр би бахархдаг.

1990 онд Ардчилсан хувьсгалыг Монголын зураач урчууд оройлон дэмжиж, манлайлан оролцож шинэ нийгмийг бүтээлцсэнийг энэ мөчид бас бахархан дурсаж байгаадаа баяртай байна.

МоАХ-ын анхны гишүүд дунд Урчуудын эвлэлийн гишүүд, зураач, урчууд олноороо манлайлан оролцож байсныг дурсахад таатай байна.

Үүх түүх яривал урт удаан, баяр бахархалтай зүйлс Монголын урчуудын эвлэлд өчнөөн бий. Тэр болгоныг бүгд мэдэх хойно би ирээдүйд чиглэсэн хоёр зүйлд анхаарлаа хандуулаасай гэж хүсч байна.

1942 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор анх байгуулагдаж байснаас хойших 75 жилийн түүх бол богинохон түүх биш юм. Энэ бол олон улсын жишиг дагуу Дүрслэх урлагийн Үндэсний академитай, академичидтай болоход хангалттай хугацаа. Тийм болохоор түүхт ойн энэ өдөр та бүхэн ойрын ирээдүйд урлагийн Үндэсний академи байгуулах, дүрслэх урлагийн олон төрлийг сонгодог болон үндэсний дэгээр хөгжүүлэх, сургах, дүрслэхүйн ухааны уламжлалт хийгээд орчин цагийн мэдлэгийг түгээхэд анхаарал хандуулаасай гэж уриалж байна.

Энэ зорилго дор Улаанбаатар хотод олон улсын биенналыг тогтмол зохион байгуулах аваас Монгол Улсын болон нийслэл хотын соёл урлагийн нэгэн шинэ хуудас, нүүр царайг тодорхойлох юм болов уу гэж бодож санаж явдгаа та бүхэнд илэрхийлье.

Монголын зураач, урчуудыг урлагийн тэнгэр мөнхөд ивээж,  та бүхэн онгод дүүрэн бүтээж туурвиж явах болтугай гэж хүсэн ерөөе. Та бүхний ажилд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here