Казахын ард түмний Наурызын баяр гуравдугаар сарын 22-ны өдөр тохиодог бөгөөд Наурыз нь маш эртнээс уламжлагдаж ирсэн баяр билээ. Тиймээс жил бүрийн гуравдугаар сард Казах ард түмэн баяраа тэмдэглэж, мөн уран бүтээлчид энэхүү баярт зориулсан тусгайлан тоглолт зохион байгуулдаг. Энэ жил Казахстаны гавьяат дуучин Мадина Садуакасова, дуучин Ушкын Жамалбеков ая дуугаа өргөх боллоо.
Казах ард түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Казахстаны гавьяат дуучин Мадина Садуакасова, дуучин Ушкын Жамалбеков нар ирэх баасан гаригт Улаанбаатар хотноо уран бүтээлийн тоглолтоо хийх гэж байна. “Мөрөөдлийн улс” нэртэй энэхүү тоглолт “UB Palace” концертын их танхимд болох аж. Энэхүү тоглолтыг өнөөдөр Ховд аймагт тоглох бол маргааш Баян-Өлгийн ард иргэдэд хүргэхээр болсон байна.
Казахстан улсын гавьяат дуучин Мадина Садуакасова
“Монголд дахин ирсэндээ туйлын их баяртай байна. Энэ удаа уран бүтээлийн тоглолтоо хүргэхэд бэлэн боллоо. Орон нутагт хоёр удаа тоглохоос гадна Улаанбаатарт тоглоно. Би Монголд хоёр дахь удаагаа ирж байна. Гэхдээ арван жилийн дараа дахин ирж байгаа болохоор сэтгэл их хөдөлж байна. Мөн тусгайлан бэлтгэсэн уран бүтээл бий. Тоглолтод “Хүний сайхан сэтгэл” дууг дуулахаар бэлтгэж байгаа”
гэж өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
“Мөрөөдлийн улс” тоглолт гуравдугаар сарын 16-нд Улаанбаатар паласын концертын их танхимд болох бөгөөд уг тоглолтод дуучин П.Баярцэнгэл оролцохоор болсон байна.
https://www.facebook.com/ToregaliTorealimongoliada2017/videos/595344110817209/