Орчуулагч Н.Энхнаран: “Харри Поттер”-ыг орчуулсан маань жинхэнэ “ИД ШИД” байлаа
Харри Поттер хэмээх нэгэн өнчин хүү хүйтэн хөндий аашлах нагац эгчийнхээ гэр бүлд, шатны доорх шүүгээнд нь амьдардаг байв. Тэрээр 11 насныхаа төрсөн өдрөөр улаан лац бүхий захиа хүлээн авснаар эцэг эхийнхээ нууцлаг үхлийн тухай төдийгүй өөрийгөө шидтэн гэдгийг ч олж мэднэ. Улмаар Харри Поттер ид шидтэний сургуульд элсэн шинэ найз нөхөдтэй болж, эр зориг шалгасан олон адал явдалтай учирдаг. Энэ мэтчилэн “Харри Поттер”зохиол уран тансаг дүрслэл, энгийн агаад чамин зүйрлэлүүдээр баялаг учир уншсан хүнийг ер бусын ертөнцөөр аялуулдаг билээ.
Дэлхийг шуугиулсан энэхүү гайхамшигт зохиолыг саяхан “МонСудар” хэвлэлийн газар албан ёсны эрхтэйгээр монгол хэлнээ орчуулан гаргасан нь Харри Поттерын үнэнч шүтэн бишрэгчдэд гэнэтийн бэлэг болсон юм. Ингээд номын орчуулагч, Асуулт самбарт Croft нэрээр танигдсан хатагтай Н.Энхнарантай хийсэн ярилцлагыг уншигчдадаа толилуулъя.
Сайн байна уу? Юун түрүүнд Харри Поттер хүүгийн тухай өгүүлэх энэхүү гайхалтай номыг орчуулсан танд маш их баярлалаа, баяр хүргэе. Энэ номыг яагаад орчуулах болсон бэ?
Баярлалаа, та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Анх надад “Монсудар”-аас энэ номыг бүрэн эхээр нь, албан ёсны эрхтэйгээр нь гаргах хүсэлтэй байгаагаа хэлж, хамтарч ажиллах санал тавьсан. Ингээд тус ном хэвлэгдсэний хорин жилийн ой дээр энэхүү номыг монгол уншигчдад хүргэж буйдаа туйлын баяртай байна. Энэ ном нийт долоон цувралтайгаас 2017 онд эхний хоёр дэвтрийг уншигчдадаа өргөн барилаа. Цаашид үлдсэн дэвтрүүдийг нь ч мөн гаргах болно. Үгээр хэлэхийн аргагүй сайхан мэдрэмж шүү.
Та Харри Поттер болон түүний ер бусын адал явдалтай анх хэзээ танилцсан бэ?
Зохиолч Ж.К.Роулингийн энэхүү цуврал зохиол 1997 онд анх хэвлэгдэн гарсан даруйдаа дэлхий дахиныг шуугиулан, 450 гаруй сая хувь борлогдож хамгийн шилдэг борлуулалттай номын жагсаалтад багтсан гэдгийг хүн бүр мэдэх болжээ. Манай Монголд Харри Поттероор амьсгалсан, салшгүй нэг хэсэг нь болсон мянга мянган хүүхэд залуус бий. Тэд энэ номын ид шидийн хүчинд автаж, англи болон орос хэл дээр бүр арав, хорин удаа уншиж танилцсан байдаг юм билээ. Харин миний хувьд 2002 онд шидтэн хүүгийн тухай киног үзээд ер бусын түүхэнд нь шимтэн дурлаж анх зохиолтой нь танилцсан.
Анх Харри Поттерыг уншихад ямар сэтгэгдэл төрж байв?
Харри Поттерын эхний хуудсыг нээгээд л сүүлийн хуудсыг хаан хаатлаа баатруудтайгаа хамт баярлаж гуниглан, адал явдалд догдолсоор нэг л мэдэхэд дуусчихсан байсан даа.
Таны хувьд яагаад орчуулагч мэргэжлийг сонгосон бэ?
Миний хувьд багаасаа л уран зохиолд дурлаж өссөн. Улмаар сонирхол маань энэ зам руу намайг хөтөлсөн. Хэзээ нэгэн цагт номоо гаргачихаад баяр хөөртэй сууж байхсан гэж үргэлж мөрөөддөг байлаа. Тэгээд ажлынхаа хажуугаар дуртай ном зохиолуудаа орчуулдаг байсан. Нэг л өдөр Монсудараас “Гал, мөсний дунд” буюу Хаан ширээний тоглоомыг орчуулах санал тавьсан. Ямар их баяртай байсан гээч. Удалгүй “Хосолмол” цуврал дээр мөн хамтарч ажилласан.
Гэхдээ л дэлхийн хэмжээний энэхүү алдартай бүтээл болох Харри Поттертой танилцаж, дурласан цагаасаа хойш ном болгон гаргах юмсан гэсэн нууцхан хүслээ тээсээр л байсан юм. Харин одоо ингээд албан ёсны эрхтэйгээр нь орчуулан гаргаж буй нь ер бусын азтай хэрэг шүү. Миний хувьд жинхэнэ “ид шид” байлаа. Монголын уншигчдад энэхүү сайхан бүтээлийг эх хэлээрээ унших боломж олгосон “Монсудар” хэвлэлийн газрын хамт олонд талархлаа илэрхийлье.
Шидтэний ертөнцийн тухай энэ зохиолыг орчуулахад хэцүү бэрхшээлтэй зүйл байв уу?
Өмнө нь хүсэл сонирхолдоо хөтлөгдөөд бие даан орчуулж байсан болохоор харьцангуй амар байсан. Гэхдээ энэ зохиолд хүний гаргаж болох ааш аяг, царайны хувирал, сэтгэл хөдлөл бүгд гардаг. Тэгэхээр энэ бүх нарийн дүр дүрслэл, мэдрэмжийг гаргах хэцүү учраас энэ тал дээр маш их анхаарч ажилласан.
Зохиол сүүл рүүгээ нэлээн бараан тал руугаа болдог шүү дээ. Тэгэхээр үүнийг хүүхэд уншихад тохиромжтой юу?
Наадах чинь бараг эцэг эх бүрийн асуудаг асуулт л даа. Таны хэлсэнчлэн зохиол төгсгөл хэсэг рүүгээ илүү хар бараан болдог. Гэхдээ би л хувьдаа амьдралын хар бараан үнэнийг нуулгүй илэрхийлсэн гэж бодож байна. Хүүхэд амьдралаас сайн муу, сайхан муухай, үнэн худлыг ялгаж сурах хэрэгтэй шүү дээ. Сүүлийн эдгээр хар бараан өгүүлэмжүүд яг л үүнд нь чиглэсэн юм шиг санагддаг.
Монгол хүүхдүүдэд энэ зохиол ямар нөлөө үзүүлнэ гэж бодож байна?
Англи хэл сураад гадаадад тэтгэлэгтэй сурч байгаа нэгэн хүүгийн ярилцлагыг уншсан юм. Тэр хүү Харри Поттерыг шимтэн уншсаар байгаад англи хэл нь сайжирсан юм билээ. Яг энэ хүү шиг хэлээ сайжруулсан олон хүн бий. Түүний нэг жишээ нь би байна. Уг зохиолтой танилцаад өөрийн эрхгүй шимтэн уншсаар гадаад хэлний мэдлэг маань нэлээн дээшилчихсэн байсан.
Монголын хүүхэд залуучууд энэ номыг шимтэн сонирхож дурлахын хэрээр хоорондоо фэн клуб байгуулан нэгдэж, хүсэл сонирхлоо нэг нэгэнтэйгээ хуваалцан, шинэ содон мэдээлэл бие биедээ хүргэх зэргээр гадаад хэл сурах, хоорондоо найзлан нөхөрлөж, нэгдэн нийлэх гэх мэт маш олон эерэг өөрчлөлтийг авчирсан гэж бодож байна. Мөн энэ зохиолд найз нөхдийн үерхэл нөхөрлөл, хүний мөн чанар түүнийг олон талаас нь гаргаж өгсөн учраас амьдралтай танилцаж байгаа болон амьдралд хөлөө тавьж буй олон мянган залууст амьдралын үнэ цэн, утга учрыг нь мэдрүүлэгч луужин нь байсан, байсаар ч байх болов уу гэж бодож байна.
Энэ зохиолтой холбоотой нэг эргэлзээ бас гадуур байна л даа. Хэдийн цаг үе нь өнгөрсөн зохиолыг одоо дахин гаргах ямар хэрэгтэй юм бэ гэж. Үүнд та хариулт өгөөч?
Цаг үе нь өнгөрсөн гэдэгтэй би яагаад ч санал нийлэхгүй. Уран зохиол бол нэг удаа хэрэглээд хаядаг амны алчуур биш. Унших болгонд түүнээс шинэ содон зүйлс ундарсаар байдаг. Сэтгэл санаа, дотоод ертөнцийг минь үргэлж тэтгэн гийгүүлсээр байдаг гайхалтай зүйл юм шүү. Би Харри Поттероос яг л ийм зүйл мэдэрдэг. Харри Поттерын фэнүүд ч үүнтэй санал нэгдэнэ. Тиймдээ ч тэд олон арван удаа уншсан байдаг. Энэ зохиолын эхний хоёр дэвтэр л өмнө нь гарч байсан юм билээ л дээ. Ер нь бол монгол хэл дээр бүрнээрээ гарч байгаагүй. “Монсудар”-т ч Харри Поттерын фэн олон уншигчид “хэвлэж гаргаач ээ” гэсэн саналыг тавьж байсан гэсэн. Тиймээс тэр хүүхэд залуусын хүслийг биелүүлж, ид шидийг хамтдаа бүтээлцсэндээ үнэхээр их баяртай байна.
Сонирхолтой, чин сэтгэлийн яриа дэлгэсэн танд баярлалаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Шинэ ондоо амжилт бүтээлээр дүүрэн байх болтугай.
эх сурвалж: http://www.monsudar.mn/