Нүүр хуудас Соёл урлаг Хөдөлмөр хүний амьдралд өнгө нэмнэ

Хөдөлмөр хүний амьдралд өнгө нэмнэ

632
0
равжаа
Хөдөлмөр хүний амьдралд өнгө нэмнэ
Хийж бүтээсэн зүйл ихтэй хэр нь түүнийгээ олонд таниулах сонирхолгүй одоогийн залуусын хэлдгээр од болох хүсэлгүй хүмүүс бидний эргэн тойронд нам гүмхэн оршсоор. Тэд төрөөс гавьяа шагнал горьдож түүндээ тааруулж ажилладаггүй.

Эдгээр эгэлчүүдийн нэг нь Рамжингийн Равжаа гуай. Саяхныг хүртэл энэ эрхмийг таньдаггүй байлаа. Уншигч танд хүрч буй энэхүү ярилцлагынхаа ачаар түүнтэй уулзаж, танилцсандаа одоо хэр нь баярлаж сууна. Өдгөө 70 дөхөж яваа энэ буурай уран сийлбэр, мужааны ажилтай хувь заяагаа холбоод 30 шахам жил болжээ.

Р.Равжаа гуатай уулзахаар манай сурвалжлах баг түүний гэрийн зүг хөдөллөө. Ялимгүй бөхийж ганц нэг аажуухан алхах өвгөн биднийг тослоо. Гадаа үүднээсээ эхлээд бүх зүйл нь эмх замбараатай, цэвэр цэмцгэр харагдах юм. Тэрбээр тохилог гэгч тоосгон байшинд амьдардаг юм билээ. Ийнхүү бид Р.Равжаа гуатай танилцан, ярьж хөөрөн, уран сийлбэрийн ажил, мужааны цех-тэй нь танилцлаа. Сонин содон багаж төхөөрөмж, нарийн сийлбэртэй бүтээлүүдийг нь сонирхож модны тансаг үнэрт хэдийн өдрийг өнгөрөөжээ.

Та сайн байна  уу? Их хүйтэн байна шүү.

Р.Равжаа: Сайн  байна уу? Та нөхдийн өвгөн намайг зорьж ирсэн хэрэг зориг юу билээ? Утсаар их муу дуулдсан.

Бидний зорилго таны ажлын нэг өдөртэй танилцаж, ажлын арга барил, амьдралын нууцаас олонд дэлгэх юм?

Р.Равжаа: За. Ахад нь хийх ажил дэндүү их байна. Дүү охины асуусан асуултад ах нь хариулъя.

Та манай уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулаач?

Р.Равжаа: Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1950 онд төрсөн юм. Эхээс гурвуулаа. Айлын дундах хүү. Миний аав малчин хүн байсан. 20 хүртлээ эцэг эхийн хамт мал маллаж байгаад, 1970 онд цэргийн алба хаахаар явж байлаа. Тухайн үеийн цэргийн албыг гурван жилээр хаадаг байсандаа. Ингээд цэргийн албанд “мужаан”-ны мэргэжил эзэмшсэн юм. Цэргээс халагдаж ирээд Төв аймгийн Архуст сумын сангийн аж ахуйд ажилласан түүхтэй.

Та бага балчир насандаа ямар зүйлийг хамгийн сайн хийж чаддаг байв?

Р.Равжаа: Хөдөө нутгийн амьдрал тэр чигээрээ тухайн хүүхдэд зүгээр суухгүй, хөдөлмөрлөх сэдлийг өгч байсан. Чаддаг ч бай, үгүй ч бай хийх ажил мундахгүй их шүү дээ. Ажлыг сайн муу гэж гололгүй хийхээс өөр аргагүй. Эмээлийн мод, ташуур зэргийг л хийх гэж их оролдоно. Хагарсныг эвлүүлэх, эвдэрснийг засах хачин дуртай хүү байжээ. Одоо бодохнээ миний өвөө гарын уртай хүн байсан шиг байгаа юм. Монгол гэрийн хаалга, тооно, хувин сав хийдэг уран хүн байсан юм.

Ямар нэг зүйлийн эхлэл гэдэг тухайн хүнээс хөдөлмөр, хөлс хүчийг шаарддаг. Өөрийн гэсэн “мужааны цех”-ыг анх байгуулахад хүндрэлтэй асуудлууд тулгарч л байсан байх?

Р.Равжаа: 1975 Төв аймгийн Тэжээлийн аж ахуйд гэргий Л.Цэцэгтэй танилцаж гэр бүлийн амьдралаа эхлүүлсэн юм. Манай хүн тооцооны нярав мэргэжилтэй. Ингээд таван хүүхдийн /3 хүү, 2 охин/ эцэг эх болцгоож, өнөр бүлийн өрхийн тэргүүний үүрэг хариуцлага надад ногдсон. Нийслэл хотод орж ирээд хөвгүүдтэйгээ хамтарч, амины орон сууц захиалгаар хийж гүйцэтгэдэг байлаа. Ингэж явсаар 1990 оны сүүлчээр өөрийн гэсэн “Мужааны цех”-тэй болсон юм даа. “Хэн их хөдөлмөрлөнө түүнд амжилт өөрөө ирдэг” гэдэгт би итгэдэг. Миний гурван хүү надад их түшиг болсон. Гэргий минь унтах цагаасаа хасч, хөвгүүд маань тоглох цагаасаа хугаслан байж энэ цехийг байгуулалцсан юм. Их хөдөлмөр хүчээр боссон доо. /санаа алдав /

Тоглох цагаасаа хугаслан байж аавдаа түшиг болсон хөвгүүд өдгөө уран сийлбэрчид болсон гэх юм билээ?

Р.Равжаа: Тийм. Ууган хүү Р.Баатарсүх Дархан хотод “мужааны цех”-тэй. Үйл ажиллагаа нь тогтвортой явагддаг. Удаах хүү Р.Баатар мөн л “Мужааны цех”-тэй. Нарийн сийлбэрийг өндөр түвшинд маш сайн хийнэ. Ихэвчлэн бурхны эд зүйлс хийдэг болоод байгаа. Бага хүү Р.Бямбабаатар тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг. Олон залуусыг ажлын байраар хангаж, мужаан сийлбэрийн ажилд гаршуулан ажиллаж байна. “Алтны дэргэдэх гууль шарладаг” гэдэг шиг хэдэн бэрүүд минь хүртэл сийлбэр хийдэг болчихсон байна.

1M3A5219

Таны ажлын өдөр хэдэн цагт эхэлдэг вэ?

Р.Равжаа: Өглөө 06 цагт босно. Ажлын байраа галлаж халаана. Үндсэндээ ажил 07 цаг гэхэд эхэлсэн байдаг. Орой 22:00 цагт эсвэл түүнээс хойш буух тохиолдол их дээ.

Сийлбэр хийхэд цаг хугацаа шаардахын сацуу хувь хүнээс маш их авьяас нэхдэг хэцүү ажил юм шиг?

Р.Равжаа: Уран сийлбэрийн ажил нь цаг хугацаа зарцуулж гэмээ нь үр дүнд хүрдэг онцлогтой. Учир нь сийлбэр хийхийн тулд зурах, сэтгэн бодох, гарын ур, эв дүйтэй байхыг шаарддаг. Хамгийн наад зах нь модныхоо ширхгийг зөв дагуулж сийлэх гэдэг их чухал байдаг.

Харин мужааны ажил тухайн хүнээс хянамгай, цэгцтэй, болгоомжтой байхыг шаарддаг. Учир нь бид аюултай тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлтэй үргэлж харьцдаг. Нойр дутуу багаж хэрэгсэл дээр ажиллахыг шууд хориглодог. Ажлын байрны дэгийг хатуу баримталдаг.

Энэ сандал ёстой амьдрал үзжээ?

Р.Равжаа: Арван таван жил надтай хамт байсан сандал. Сийлбэр хийж сурахын тулд эхлээд энэ сандал дээр зөв сууж сурна даа.

Ямар төрлийн эд хогшил, бүтээлийг илүүтэй урлаж байна? Зах зээлд борлогдох талаасаа хэр зэрэг байдаг бол?

Р.Равжаа: Бурхны гүнгэрваа, идээ боовны цар, монгол гэрийн ширээ сандал, морин хуур, сийлбэртэй авдрыг илүүтэй хийж байна. Хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцсэн зүйлсийг хийнэ шүү дээ. Түүнийгээ дагаад борлуулалт ч нэмэгдэнэ. Хурим, хүүхдийн үсний найр, уяач бөхчүүдийн уламжлалт ёслолыг дагаад борлуулалт нэмэгддэг талтай.

Та хийх ажлынхаа жагсаалт, төлөвлөгөөг хэрхэн гаргадаг вэ?

Р.Равжаа: Сүрхий тэмдэглээд хөтлөөд явсан юм алга. Цээжиндээ л бодчихдог.

Цаг хэмнэх хамгийн сайн арга тань юу вэ?

Р.Равжаа: Багаж төхөөрөмжийг эмх цэгцтэй, ариг гамтай эдэлж хэрэглэх нь цаг хэмнэх хамгийн сайн арга байдаг.Эмх замбараагүй, эд зүйлдээ хатуу гараар хааш яааш хандах нь эргээд цаг алдах эрсдэлийг дагуулдаг юм. Үүний сацуу хийж буй зүйлийнхээ тоонд биш чанарт хамаг анхаарлаа хандуулах нь зүйтэй. Модон эдлэл нь хувь хүний насан туршийн хэрэглээ болдог учир сэтгэл, хөдөлмөр шингэсэн чанартай зүйл хийхийг зорин ажиллаж байна.

1M3A5210

Энэ радио ажилладаг юм уу?

Р.Равжаа: Ажиллалгүй яахав. Мэдээгүй дуулаагүй бүхнийг хэлж өгдөг шидэт хайрцаг шүү дээ. Зурагт үзэж, сонин унших завгүй хүн мэдээ мэдээллийг энэ жижиг хөгжмөөс л авна. Их ажлын дундуур П.Адарсүрэнгийн хэдэн сайхан дууг аялангаа, ажлаа үргэлжлүүлэх ч сайхан л байдаг юм.

Таны ажлын хамгийн гол түүхий эд бол мод. Сүүлийн үед хууль бусаар мод бэлтгэснээр байгаль орчинд халтай олон асуудлыг үүсгэж байна?

Р.Равжаа: Тийм шүү. Энэ асуудалд анхаарахыг хичээдэг юм. Сийлбэр болон мужаанд ашиглагдах мод нь сайтар хатсан хуурай мод байх ёстой. Тайрч огтолсон мод шал нойтон байдаг. Үүнийг ашиглах боломжгүй. Гагцхүү байгаль эхийн жамаар хуучирсан, хөхөрсөн, удчихсан, өөрөө унасан модыг бид ашигладаг. Энэ модыг үйлдвэрлэл эрхлэхэд зориулж байгаль эх өөрөө зохицуулж өгчээ хэмээн үздэг.

Таны цуглуулга хобби юу вэ?

Р.Равжаа: Монгол хээ угалз, сонин сэтгүүлээс интерьер дизайны сонирхолтой шийдлүүдийг хайчилбар хэлбэрээр их цуглуулна. Сийлбэрийн олон төрлийн хутга, багаж л цуглуулах юм байна ш дээ. Сийлбэрт ашиглагддаг хутга хэрэгслийг бүгдийг өөрийн гараар хийдэг учир хөдөлмөр шаарддаг. Багажиндаа их харам байдаг шүү. Хамаг олигтой гэснийг нь хүүхдүүд аваад явчихсан байна.

Р.Равжаа гуай амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг тодорхойлбол?

Р.Равжаа: Энэ амьдралын хамгийн үнэ цэнэтэй зүйлсийг өөрийн гэр бүл үр хүүхэд хэмээн сүслэн явдаг. Өнөр бүлийн өрхийн тэргүүн “Би” энэ айлын хоолыг таслахгүй, хүүхдүүдийнхээ хөлийг дааруулахгүй байхаас эхлээд үүрэг хариуцлага ар нуруун дээр минь тохогдсон. Энэ бүх итгэл сэтгэлийг хөсөрдүүлэхгүй юмсан хэмээн бодож амьдарсаар ирсэн. Бүтээсэн бүхэн минь хөгшин ахад нь үнэ цэнэтэй.

Ярилцсан: Б.Хонгорсайхан

1M3A5240

эх сурвалж UBS.MN

ХАРИУ ҮЛДЭЭХ

Please enter your comment!
Please enter your name here