Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчин, СТА Ц.Баясгалан дөрөвдүгээр сарын 18-наас 23-нд Румынд, тавдугаар сарын 9-нөөс 15-нд Македонд болох өндөр зэрэглэлийн уралдаант фестивальд оролцохоор Европыг зорилоо.
Түүний оролцож буй эдгээр фестивалиуд нь олон улсад танигдсан өндөр зэрэглэлийн жүжигчид, урлаг судлаач, шүүмжлэгч нар оролцдог гэдгээрээ алдартай. Тэрбээр энэ удаа “Эдит Пиаф” жүжгээрээ оролцох ажээ.
Нина Мазурын “Эдит Пиаф” жүжгийг жүжигчин Ц.Баясгалангийн тоглосноор 2013 онд найруулагч УГЗ Б.Баатар найруулан УДЭТ-ын тайзнаа тавьсан. Жүжигчин Ц.Баясгалан энэ жүжгээрээ Оросын холбооны улсын “Golden Gate”, Киргизийн “Импульс”, Германы Ганновер хотын “Мост”,Косово улсад зохиогдсон “Моно Акт” зэрэг фестивалиуд, АНУ-ын Медисон стрийт театрын урилгаар тус тус тоглож байв.
Мөн 2014 онд Косовод ЮНЕСКО-гоос зохион байгуулсан олон улсын нэг хүний жүжгийн “МоноАкт” фестивалиас Гран при шагнал, Оросын “Golden Gate” фестивалиас “Хааны болор малгай” цом хүртэж, Монголын театрын урлагийн нэрийг гаргаж байсан юм.
А.Чингистэй