2017 онд Канад Улс тунхагласны 150 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсад суугаа Канадын Элчин сайдын яамнаас Канадын түүх соёлын өвөрмөц онцлог ба нийгэм, эдийн засаг, боловсролын салбарт хуримтлуулсан инноваци, тэргүүн туршлагыг бүтэн жилийн турш монголчуудтай хуваалцахын сацуу дэлхийд танигдсан урлагийн авьяастнуудаа Монголд таниулан сурталчлахыг зорьж байгаа юм.
Канадын Элчин сайдын яамны урилгаар Монголд айлчлан ирж буй Канадын уугуул иргэн, уран бүтээлч Крис Дерксены “Cris Derksеn Trio” хамтлагийн тоглолтыг Хас Банк санхүүжүүлэн, Канадын Урлагийн зөвлөл дэмжиж, Монголын Урлагийн Зөвлөл тоглолтыг зохион байгуулж байна. Тоглолт өнөөдөр болно.
Тоглолтод “Cris Derksеn Trio” хамтлагийн виолончель хөгжимчин, хөгжмийн зохиолч Крис Дерксен, уламжлалт Хүүп бүжигчин Нимки Осавамик, бөмбөрчин хөгжмийн зохиолч, продюсер Морган Доктор нар нийслэлийн ‘Улаанбаатар’ чуулгын хөгжимчидтэй хамтран Канадын индиан угсаатны хөгжим бүжиг, Монголын үндэсний хөгжмийг орчин үеийн электрон хөгжимтэй хослуулан толилуулах юм.
“Cris Derksеn Trio” хамтлаг Улаанбаатар хотод байх хугацаандаа мэргэжлийн ба орчин үеийн хөгжим зохиогчдод зориулсан сургалт, Монгол Канад хөгжмийн хамтарсан тоглолт зохион байгуулснаар хоёр орны уран бүтээлчид өөрсдийн үндэсний соёл, мэргэжлийн туршлагаас харилцан суралцахаас гадна Монгол үзэгч сонсогчдод Канадын уугуул иргэдийн уламжлалт соёл ба Канадын орчин үеийн хөгжмийн урлагийн хөгжлийн түвшин, шинэ чиг хандлагыг таниулахыг хүсчээ.