Монголын сонгодог бүтээлийг дэлхийн түвшинд хүргэж, таниулах их үйлст авьяас чадвараа дайчлан зүтгэж яваа Чингис хаан одонт, МУГЖ дуучин Г.Ариунбаатар “Монгол сонгодог 3” тоглолтоо толилуулах гэж байна.
Тэрбээр анхны бие даасан “Монгол сонгодог” тоглолтоо 2011 онд хийж байсан бол түүний дараагийн “Монгол сонгодог 2” тоглолтоо 2015 онд олон түмэндээ өргөн барьсан билээ.
Цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин, ОХУ-ын Буриадын Дуурь Бүжгийн Эрдмийн театрын гоцлол дуучнаар ажиллаж буй тэрбээр энэ жил Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Уэлсийн нийслэл Кардиф хотноо болсон “BBC Cardiff Singer of the World” уралдаанд амжилттай оролцож, “Дэлхийн дуучин”-аар шалгарсан таван дуучны нэгээр тодорсон билээ.
Тэрбээр энэхүү уралдаанд оролцохдоо Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын хөгжим, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн З.Түмэнжаргалын шүлэг “Монголын тал нутаг” дууг дуулж дэлхийн сонорт хүргэсэн юм.
МУГЖ Г.Ариунбаатар:
“Дуурийн урлагийн олон зуун жилийн түүхтэй, дэлхийд алдартай театруудын мэргэжилтэн багш нар, үзэгчдэд Монголын сонгодог бүтээлүүдийг дуулж сонирхуулахад тэд үнэхээр алмайрсан. Тийм ч учраас Монгол Сонгодгийг дэлхийд таниулах нь миний зорилго болсон. Мэдээж хамгийн чухал хүмүүс бол Монголын минь үзэгчид” хэмээн хэлж байсан удаатай.
М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуулаачдын XXIV уралдааны Тэргүүн байр, Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын III уралдааны Тэргүүн байр, “Байкал” Олон улсын дуурийн дуулаачдын II уралдааны Тэргүүн байр, П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын мэргэжлийн дуурийн дуулаачдын XV уралдааны I байр, Гран при шагнал тус тус хүртсэн билээ.
Энэхүү тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Монгол Мюзик” төслийг хэрэгжүүлж буй “Монгол контент” ХХК ажиллаж байна.
Арваннэгдүгээр сарын 10, 11-ний өдөр The Corporate hotel & Convention centre-д болох энэхүү тоглолтын тасалбар 60 000, 80 000, 100 000 төгрөгийн үнэтэй. Тасалбарын урьдчилсан захиалгыг 94741404 дугаарын утсаар өгөх боломжтой