2017 оны 8 сарын 7-нд Хүүхдийн урлан бүтээх төвд Монгол угсаатны өв соёл уран бичлэгийн “Монгол туургатан” хүүхдийн анхдугаар наадам болж, шилдгүүдээ тодрууллаа. Анхдугаар наадамд Монгол болон БНХАУ-ын Өвөрмонголын хүүхдүүдийн 180 гаруй шилдэг бүтээл оролцсоноороо онцлог байв. Мартагдаж буй босоо монгол бичиг, өв соёлоо хойч үедээ таниулж, эрхэмлэн дээдэлж, хоёр орны хүүхэд багачууд найзалж, нөхөрлөхөд уг наадмын гол зорилго оршиж байгаа талаар зохион байгуулагчид хэллээ. Монголын Хүүхдийн урлан бүтээх төв БНХАУ-ын Өвөрмонголын Урлаг солилцооны нийгэмлэгтэй хамтран Монголд анх удаа олон улсын хүүхдийн анхдугаар наадмыг 8 сарын 23-ны өдөр зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг “Энэхүү наадмын тэргүүн хэсэг болох “Монгол туургатан” хүүхдийн уран бичлэгийн наадам шилдгүүдээ тодруулж, үзэсгэлэнгээ дэлгээд байна. Хүүхдийн анхдугаар уралдааны үзэсгэлэнг анхны хүүхдийн галерейд олны хүртээл болгож байгаад ихэд бэлгэшээж байна” гэлээ.